2009.04.29

Өрсөлдөөниий тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Өрсөлдөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Уг хуулийг зах зээлийн өрсөлдөөний харш үйл ажиллагааг таслан зогсоох, монополь, давамгай байдлыг үгүй хийх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготойгоор боловсруулснаа төсөл санаачлагч Д.Ганхуяг гишүүдэд товч танилцууллаа.

Өрсөлдөөний тухай хуулийг өнгөрсөн оны нэгдүгээр сард өргөн барьжээ Тэр үеийн Засгийн газар уг хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ Засгийн газраас уг хуулийн төслийн талаар санал авахаар хүргүүлсэн боловч 56 хоногийн дараа дэмжихгүй гэсэн хариу өгчээ. Хууль санаачлагч Засгийн газраас 30 хоногийн дотор хариу ирүулэхгүй бол саналгүй гэж ойлгоно гэсэн хуулийн заалтыг барьснаа хэлж байв.

Мөн тус хуулийг хэрэгжүүлэгч байгууллага нь хамтын удирдлагатай, хорооны зохион байгуулалттай байхаар санал оруулжээ. Энэ тухайд Засгийн газар өөр байр суурьтай байгаа аж. Гэвч төсөл санаачлагчид Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нь агентлагийн статустай мөртлөө ганцаарчилсан удирдлага байгууллага. Тиймээс хамтын удирдлага байх нь зүйтэй гэж үзжээ.

Хуулийн төсөлд аж ахуйн нэгжүүдийг зах зээл дээр үзүүлэх нөлөөгөөр нь зүй ёсны монополь, давамгай байдалтай, харилцан хамаарал бүхий гэж гурав ангилжээ. Зүй ёсны монополь гэсэн ангилал нь гишүүдийн сонирхлыг татав. Төсөл санаачлагчид зүй ёсны монополь аж ахуйн нэгж нь хамгийн хямд үнэтэй байх учиртай гээд дулаан, эрчим хүч, төмөр зам, нүүрсний уурхай зэрэг багтана гэсэн тайлбарыг хэлж байв. Мөн зах зээлийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийн борлуулалттай аж ахуйн нэгжийг давамгай байдалтайд тооцох аж. Харин харилцан хамаарал бүхий аж ахуйн нэгжийн жишээ нь нефть импортлогч компаниуд байв.

Тус байнгын хорооны гишүүд Өрсөлдөөний тухай хуулийн төслийг дэмжиж байгаа ч хэд хэдэн асуудалд шүүмжлэлтэй хандав. Гишүүн Н.Батбаяр, Л.Гантөмөр нар "Ерөнхий бус процессын хууль болгох хэрэгтэй, бүх бараа бүтээгдэхүүний үнийг энэ хуулиар зохицуулна гэж байхгүй. Давамгай байдалтай компаниуд руу хандсан байх учиртай. Хариуцлагын асуудал тодорхой бус байна.

Торгуулийн тодорхой заалтуудыг оруулж өгөх хэрэгтэй. Хэрэгжүүлэгч байгууллага нь монополь аж ахуйн нэгжтэй харьцах ёстой" гэсэн шүүмжлэлийг хэлж байв. А.Телейхан гишүүн "Хэрэгжүүлэгч байгууллага нь бие даасан, УИХ-ын харьяа байгууллага байх нь зүйтэй. Давамгай байдлын тод жишээг нефтийн бүтээгдэхүүнээр хэлж болно.

Учир нь дэлхийн зах зээл дээр нефть 300, Орост 700 төгрөгөөр зарагдаж байхад манайд ямар үнэтэй байгаа билээ. Дээрх үнээр тооцвол манайд АИ-92 759-793, дизель түлш 970 орчим төгрөг байхаар байгаа. Жилд 150 тэрбум төгрөгийн нефть бүтээгдэхүүн авдаг гэсэн тооцоо бий.

Хамгийн татвар багатайгаар орж ирээд хэрэглэгчдэд ашигтай байх учиртай" гэж байв. Мөн гишүүд хэрэгжүүлэгч байгууллага нь УИХ, Засгийн газар, хамтынх байх эсэхээр багагүй ярилцсаны эцэст нэгдүгээр хэлэлцүүлгийн үед шийдвэрлэхээр боллоо.

Д.НАВЧАА

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.