Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагч нь буцаан татлаа
2021.03.16

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагч нь буцаан татлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.16/ хуралдаан 10 цаг 10 минутад  ирц бүрдсэнээр эхэллээ. 

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай байв. Хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд гишүүдэд товч танилцуулга хийхдээ эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх зорилготойг онцоллоо.

Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил горимын санал гаргалаа. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татсантайгаа адилхан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бас татаж аваад, Засгийн газраар хэлэлцүүлж оруулж ирэх шаардлагатай.

Зарчмын хувьд зайлшгүй өөрчлөх асуудлууд байна гэсэн горимын санал гаргасныг үг хэлсэн гишүүд дэмжив. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Чинзориг байр сууриа илэрхийлэхдээ тухайлбал, С.Одонтуяа гишүүн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн бол С.Чинзориг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хэрхэн хүртээмжтэй, чанартай, шуурхай хүргэхэд чиглэсэн төсөл болгох талаар байр сууриа илэрхийллээ.

Ингээд хэлэлцүүлгийн аль ч шатанд төсөл санаачлагч нь төслөө татаж авч болох хуулийн зохицуулалтын дагуу төслийг татан авч буй саналаа салбарын сайд гаргасан юм.