Тусгай эмнэлгийн эмч, мэргэжилтэн тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн мөнгөн тэтгэмж авна
Тусгай эмнэлэгт буюу зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн анги салбар, хилийн отряд дахь эмнэлэгт ажилладаг энгийн эмч, ажилтан, алба хаагчид нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллагсадтай нэгэн адил анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг боловч Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаанд хамрагддаггүй байсан.
Иймээс Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно” гэж өөрчлөн найруулсан юм.
Эрүүл мэндийн тухай хуулийн:
- 29.2 дахь хэсэгт “… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох…,
- мөн зүйлийн 29.5 дахь хэсэгт “… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлгч тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын…”,
- мөн зүйлийн 29.8 дахь хэсэгт “… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах”-тай холбогдсон харилцаануудыг тусгасан байна.
Түүнчлэн дээрх хуулийн холбогдох хэсэгт “тусгай эмнэлэгт” тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгох, 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа бол 5 жил тутамд улсын зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах тухай өөрчлөлт оруулсан.
Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний анги, салбар болон ангиудын эмнэлэг зэрэг 42 нэгжид энгийн 101 сувилагч-бага эмч, асрагч-үйлчлэгч ажиллаж байгаа бөгөөд жилд дунджаар 2 эрүүл мэндийн ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгож байна.
Зэвсэгт хүчний анги байгууллагад ажиллаж байгаад 2010 оноос хойш өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нийт 15 эрүүл мэндийн ажилтнаас нэг удаагийн тэтгэмж авсан 10 хүн, нэг удаагийн тэтгэмж аваагүй 5 эрүүл мэндийн ажилтан байна.
Нэг удаагийн тэтгэмжийг анги байгууллагаас нь олгуулсан бүх тохиолдол тухайн ажилтан асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлж байсан нь иргэнд хуулийн дагуу нийгмийн баталгаагаа эдлэхэд хүндрэлтэй байдаг ба шат шатны шүүхийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэхтэй холбоотойгоор төрийн байгууллага, иргэнд зардал гарч, цаг хугацаа алдахад хүргэдэг.
Иймд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсээд байсан юм.
Зэвсэгт хүчний цэргийн анги, байгууллагын эмнэлэгт ажиллаж байгаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч нэг удаагийн тэтгэмж авах нэгж эрүүл мэндийн ажилтанд нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тооцож үзье.
Тухайн ажилтныг ТҮЭМ-4 дэх зэрэглэлийн 3 дахь шатлалаар тооцон үзвэл 478,582 төгрөгийн үндсэн цалин авдаг байна. Алба хаагч дунджаар 25 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож байгаа гэж үзвэл:
478,582 х 25 жил = 11,964,550 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж авах юм.
Эрүүл мэндийн тухай хуульд “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд тасралтгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн бусад мэргэжилтэнд 3 жил тутам нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан. Тэгвэл Зэвсэгт хүчний цэргийн анги, байгууллагын эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд 3 жил тутамд нэг удаа 6 сарын тэтгэмж олгох хувь хэмжээг тооцож үзье.
ТҮЭМ-4 дэх зэрэглэлийн 3 дахь шатлал буюу 478,582 төгрөгийн үндсэн цалингаар тооцон 3 жил тутамд 6 сарын үндсэн цалин олгоно гэж үзвэл 478,582 х 6 сар = 2,871,492 төгрөгийг 3 жилд тутамд нэг эрүүл мэндийн ажилтанд олгохоор тооцоо гарч байна. Энэ хэмжээний зардал улсын төсөвт тусгагдах юм.
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар баталлаа.