Давосын форум дээр Ангела Меркель Европын орнуудаа шүүмжиллээ
- Санхүүгийн хямралын үр дагаврыг нэн тэргүүнд арил¬гах нь чухал гэдгийг форумд оролцогчид мэдэгдэж байна.
- Энэ жилийн форумд нэр хүндтэй олон хүн ирээгүй.
Швейцарийн Давос хотод дэлхийн эдийн засгийн 42 дахь удаагийн форум эхэллээ. “Их хувьсал: Шинэ загвар бүтээх” нэртэйгээр явагдаж буй тус форумд оролцохоор Давосын амралтын газарт дэлхийн 90 орны 2500 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ. Төлөөлөгчдийг форумын түүхэнд байгаагүй их цас угтсан байна. Гэвч удахгүй дулаарч, өндөр ууланд орших амралтын газар нарлаг, тав тухтай болно хэмээн цаг уурчид мэдэгдэж байгаа. Харин эдийн засагч, улстөрчид дэлхийн эдийн засаг нэлээд хүнд байх урьдчилсан мэдээг гаргаж байна.
Давосын форумд төрийн болон Засгийн газрын 40 тэргүүн, түүнчлэн АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагард, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Роберт Золлик нар хүрэлцэн иржээ.
Мөн өнгөрсөн жил дэлхийн нийслэлүүдийг нэлээд донсолгосон “Эзэл” хөдөлгөөнийхөн, анархизм, даяаршлын эсрэг “Зүүний хөдөлгөөнийхөн” оролцож байгаа юм байна. Нэртэй төлөөлөгчид тэндхийн тансаг зочид буудлуудад буусан бол “Эзэл” хөдөлгөөнийхөн эскимосчуудын мөсөн овоохойг өөрсдөө барьж, тэндээ буудаллажээ.
Форумыг нээж, Германы канцлер Ангела Меркель үг хэлсэн юм. Тэрбээр Европт төсвийн хатуу зарчим, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх улстөрийн уян хатан механизм хэрэгтэйг энэ үеэр анхааруулав. Мөн тэрбээр еврог цаашид дэмжинэ гэдгээ мэдэгдээд Европын холбооны зарим орон амлалтаа биелүүлэхгүй байгаагаас болж Европын зах зээл хүчтэй цохилтод орж байгааг онцлон тэмдэглэжээ. Ангела Меркель “Европын зарим орон сүүлийн үед амлалт, үүргээ биелүүлэхгүй байна. Гэтэл өнөөдөр итгэлцэл л дэлхийн зах зээл дээрх хамгийн найдвартай валют болсон гэдгийг мартаж болохгүй” хэмээсэн байна.
Давос-2012-ын даргаар Ангела Меркелийг санамсаргүй сонгоогүй юм. Учир нь Евро бүсийн эдийн засаг яг одоо тун аюултай нөхцөлд байгаа, мөн Герман улс Европын холбоонд тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг тул гол шийдвэрийг гаргаж чадна гэж үзжээ. Меркель түүнчлэн өмнөх санхүүгийн хямралаас Европ тив хангалттай суралцаж чадаагүй хэмээн мэдэгдсэн байна. “2008 оны хямралын гүн ул мөр үлджээ. Үүний үр дагаврыг арилгахын тулд одоо ч гэсэн ажиллаж байна. Харин санхүүгийн зах зээлийг дахин бий болгох үйл ажиллагаа хангалттай түвшинд хүрэхгүй байна” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
“Европын улс орнууд өнгөрсөн онд багагүй хүндрэлтэй учирсан ч хямралаас гарах гарц хайхын тулд хамтран ажиллахад бэлэн гэдгээ баталж чадсан” гэж Германы канцлер онцлон тэмдэглэсэн байна.
Санхүүгийн хямралын үр дагаврыг нэн тэргүүнд арилгах нь чухал гэдгийг форумд оролцогчид мэдэгдэж байна. Гэхдээ Грекийн өрийн хямрал нэлээд таагүй үр дагавар авч ирэхийг ч анхааруулжээ.
Форумын бас нэг гол сэдэв бол орлогын тэгш бус байдал юм. Дэлхийн эдийн засгийн форумын баримтад дурдсанаар орлогын тэгш бус байдал нь дэлхий даяар эсэргүүцэл, эмх замбараагүй байдал үүсгэж, “Даяаршлын эрсдэл”-д оруулж болзошгүй гэнэ. “Кредит Суисс”-ийн мэдээлснээр дэлхийн хүн амын ядуу хэсэг нийт баялгийн нэгхэн хувийг эзэмшиж байхад бараг тал хувь нь дэлхийн нэгхэн хувь болох баячуудад ногдож байгаа аж.
Энэ жилийн форумд нэр хүндтэй олон хүн ирээгүй. Оролцогчид Доминик Штраусс-Кан, Георгиос Папандреу нараас гадна Хятадаас сүүлийн 30 жилд анх удаа өндөр дээд хэмжээний төлөөлөгч оролцоогүйд гайхаж байгаагаа илэрхийлж байв.
Швейцарийн Давос хотод болох дэлхийн эдийн засгийн форум энэ сарын 29 хүртэл үргэлжлэх юм байна.