Нефтийн импорт,жижиглэнгийн худалдаа хоёрыг салгах санал гарлаа
Валютын ханшийн хөөрөгдөл, шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нийгэмд багагүй бухимдал үүсгээд байгаа үнийн өсөлт тойрсон асуудлаар явуулсан уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Монголбанк, Газрын тосны газар, ШӨХТГ, МҮЭХ, МҮХАҮТ, нефть импортлогч компаниудын төлөөлөл оролцсон юм. Д.Ганхуяг гишүүнээр ахлуулсан Байнгын хорооны ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд багагүй судалгаа явуулснаа хэлэлцүүлгийн өмнө танилцуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийн төсөлд бичсэнээр бол шатахууны үнийн өсөлтийн дөрвөн хувь нь л валютын ханштай холбоотой нэмэгдэл байсан аж. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сар, энэ оны эхний сард нефть импортлогчид 128.4 сая ам.долларыг дунджаар 1338 төгрөгөөр арилжааны банкуудаас авчээ. Мөн дээрх компаниуд валютын ханшийн өөрчлөлт ороогүй үнээр авсан газрын тосны бүтээгдэхүүн борлуулж байсан нь нотлогджээ. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүний импортлогч болон жижиглэнгийн худалдааг салгах замаар өрсөлдөөн бий болгох санал дэвшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, газрын тосны жижиглэнгийн худалдаа эрхлэгч нь импортлох эрхгүй байх зохицуулалтыг хийх нь зөв гэж үзсэн аж. Мөн нефть импортлогч компаниуд урт хугацаанд тогтвортой ханшаар валют худалдаж авахын тулд Монголбанк, арилжааны банкуудтай свап хэлцэл хийх ёстой гэж үзжээ. Ажлын хэсэг ийм санал боловсруулсан бөгөөд Байнгын хороо, УИХ-аар эцэслэн хэлэлцэх юм. Хэлэлцүүлэгт оролцогч талууд өчигдөр нөхцөл байдлын талаар өөр өөрийнхөө байр суурийг илэрхийлж, асуултад хариулж байлаа.
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл "Одоо нефть импортлогчдыг арван тэрбум төгрөгөөр торгох гэж байна. Торгож болно. Гэхдээ төсөвт л мөнгө орно шүү дээ. Үнийн өсөлтөөс болж ард түмэнд учирсан хохирлыг хэн хариуцах вэ" гэж асууж байв. Түүний асуултад ажлын-хэсгийн ахлагч Д.Ганхуяг тоймтой хариу өгсөнгүй. "Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа. Тантай санал нэг байна" гэснээр өөрийг хэлсэнгүй. Мөн эдийн засагч" Н.Дашзэвэгийн "Ерөнхий сайд С.Батболд нефть импортлох эрхийг төр авна гэж хэлсэн. Ажлын хэсгээс оруулж ирсэн дүгнэлтийн төсөлд энэ талаар дурдаагүй байна" гэхэд Д.Ганхуяг гишүүн "Төр хянах талаар судалгаа хийсэн. Гэхдээ ажлын хэсгээс хараахан тийм санал гараагүй. Үүнийг судалж шийдэх ёстой. Гаднын туршлагыг харахад Япон, Солонгост нефтийн импортоо төр нь хийдэг юм билээ. Японы Засгийн газар гэхэд Кувейттэй шууд гэрээ байгуулчихдаг юм байна" гэж байв. Харин Б.Батбаяр гишүүн нефть импортлогчид л ийм байдалд хүргэсэн гэдгийг хатуухан шүүмжилсэн. Тэрээр "Хэдэн нефтийн компани байтугай, төрийн агентлаг нь хүртэл ороод хуйвалдчихдаг болжээ. Газрын тосны газар нь нефть импортлогч компанийг төлөөлж ярьдаг болсон байна. Одоо энэ байдлыг эрчимтэй шинэчлэх цаг болсон. Төрөөс энэ компаниудад маш их хөнгөлөлт, дэмжлэг үзүүлдэг. Татварын, хураамжийн, бүр нөөц бүрдүүл гэж хүртэл мөнгө өгсөн.
Гэтэл тэр мөнгөөр нь бизнесээ л өргөжүүлсэн байх. Сүүлд нь агаарт шатахуун нь ууршсан гэсэн тайлбар л хэл-сэн шүү дээ. Бас 2008 онд 20 тэрбум төгрөг өгтөл юу болов. Үнэ буураагүй. Энд тараасан мэдээллээс үзэхэд бензин Наушки дээр ирэхдээ 1000-1200 төгрөг байна. Гэтэл энд ирээд яагаад 2000 төгрөг хүрдэг юм бэ. Сэлэнгэ Улаанбаатар хооронд үсрээд л 300 км шүү дээ. Ямар тооцоогоор үнийг өсгөдгөө тайлбарла. Бас нефтийн компаниуд ОХУ-ын экспортын татвар гэж яриад байх юм. Импортолж авч байж экспортын татвар гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ер нь бол онцгой бараа учраас нефтийн импортыг төр мэдэлдээ авах ёстой. Энэ компаниуд өнөөдөр хэдэн хувийн ашигтай ажиллаж байгааг хэлж өгөөч" гэв.
Гишүүний асуултад нефть импортлогчдыг төлөөлж "НИК" компанийн гүйцэтгэх захирал М.Халиунбат "Нефть импортлохдоо бид хилийн үнээр тооцдог. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хил дээр авчирч өгсөн үнээр нь тооцож авдаг юм. Оросын нийлүүлэгч компаниуд хилийн үнэндээ экспортын татвараа шингээчихдэг. Бидний борлуулж байгаа бүтээгдэхүүний 85-86 хувь нь хилийн үнэ байдаг. Дээр нь бусад үйл ажиллагааны зардалд 9-10 хувь нь ордог. Тэгээд дунджаар 4-5 хувийн ашигтай ажилладаг" гэж хариулж байлаа.
МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийн хувьд Монголбанкинд нэлээд шүүмжлэлтэй хандсан. Монголбанк бодлого явуулах ёстойгоос сургалт явуулах ёсгүй гэж хэлж байлаа. Харин Төв банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан "Төв банкны зүгээс ханшийн эрсдэлээс хамгаалах свап гаргасан. Үүгээр 177 сая ам.долларын хэлэлцээ хийсэн. Сургалтын хувьд 15 жил явуулж байгаа" гэсэн тайлбар өгсөн юм. Валютын ханшийн өсөлт, Монголд орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын талаар Б.Бат-Эрдэнэ гишүүн лавлаж байлаа. Түүний асуултад Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал"Ам.доллар дөрвөн жидийн өмнөхөөс тав дахин өсч өнөөдөр 20 тэрбумд хүрсэн. Гэхдээ 20 тэрбумын валют бараг Бүхэлдээ импортын бараа болоод буцаад гардаг. Манай импорт сүүлийн жил хоёр дахин өслөө. Гадаадын хөрөнгө оруулалтаар гэхэд 2011 онд 3.6 тэрбум ам.доллар орж ирсэн. Нийт валютын 65 хувь нь хөрөнгө оруулалт, 35 хувь нь экс-портын орлого байдаг. Гэсэн ч буцаад энэ нь импорт болоод гарчихдаг" гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр шатахууны бөөний борлуулалтын талаар ч хөндөж байв. Яагаад гэвэл, нийт импортолсон шатахууны 60 гаруй хувийг уул уурхай зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж, жижиглэнгийн хэрэглэгчдээ тоохгүй байна гэсэн шүүмжлэлийн нэг бус хүн хэлсэн. Газрын тосны газрынхны мэдээлж буйгаар, 2011 онд нэг сая 55 мянган тонн нефть импортолжээ. Үүнээс 70 хувь нь дизель түлш, үлдсэн нь автобензин юм байна. Ерөнхийдөө дизель түлшний 60 гаруй хувийг уул уурхай, төмөр зам. нисэх зэрэг салбар руу бөөнөөр нийлүүлдэг ажээ.
Ерөнхийдөө үнийн өсөлт тойрсон асуудлаар явуулсан хэлэлцүүлэг ширүүхэн уур амьсгалтай болж өнгөрсөн. Монголбанк, Газрын тосны газар хоёр нийгмийг хэдхэн хоногт түйвээлээ. Тиймээс Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох ёстой гэсэн саналыг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар мэдэгдэж байв.