Өмнөд хөрш рүү махан бүтээгдэхүүн экспортлоно
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хөх хотод болсон «Улаан¬баатар түншлэл 2011» гэсэн нэртэй уулзалт форумын үеэр манай талаас Хятадын хорио цээрийн мэргэжлийн хүмүүс эрүүл ахуйн байцаагч нартай уулзалт хийж өмнөд хөрш рүү мах, махан бүтээгдэхүүн гаргахад ямар шаардлага хангасан байх ёстойг судалсан байна.
2011 оны 11 дүгээр сарын 30-нд хоёр улсын Хүнс хөдөө аж ахуйн яамны дэд сайдууд гарын үсэг зурснаар бүрэн боловсруулсан махан бүтээгдэхүүнийг Хятад улсад экспортлох боломжтой болсон юм. Холбогдох хэлэлцээрүүдийг хийсний дараа бууз баншаа экспортлох юм байна. Өнгөрсөн намар Хятадын Эрээн хотод болсон үзэсгэлэн худалдаанд манай улсын «Хаан хүнс» компани бууз, баншны төрлөөр оролцож 4.2 тонн бууз, банш өмнөд хөршид худалдан борлуулсан.
Хятад буузны 20-25 хувьд нь мах ордог бол Монгол бууз 100 хувь махан бүтэгдэхүүнээс бүтсэн гэдгээрээ худалдан авагчдын сонирхлыг ихээр татсан ажээ.
Эрээн хотод нэг килограмм хонины мах 48 юань буюу 9600 төгрөгөөр зарагдаж байсан бол «Хаан хүнс» компани 900 грамаар савласан бууз, баншаа 25 юань буюу 5000 төгрөгөөр худалдаалсан нь худалдан авагчдыг хошууруулсан бас нэгэн шалтгаан болжээ.