2011.11.12
Улстөр сайхан хүүхнүүдийн амьдралыг сүйтгэдэг
Сайхан төрнө гэдэг их аз жаргал. Яагаад гэвэл сайхны өмнө бүгд бөхөлзөж, бүхнийг уучилдаг. Гэхдээ сайхан хүүхнүүд улстөрд ороод хожсон нь юу л бол.
Энэхүү таагүй уламжлал Египетийн Клеопатра хатнаас эхтэй. Тэрбээр гоо үзэсгэлэн, эрх мэдлийн оргилд хүрсэн ч нэг л өдөр өөрт нь таагүй зүйл болохыг мэдээд хор ууж амиа егүүтгэсэн билээ. Өнөө үед ч түүний замналыг дагах бүсгүйчүүд олон байна.Енлак Чинават
Тайландын өнөөгийн Ерөнхий сайд Енлак Чинават 44 настай, залуухан, фото модель мэт үзэсгэлэнтэй, тус улсын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй өндөр албан тушаалтан юм. Гэхдээ тэрбээр фото моделиор хэзээ ч ажиллаж байгаагүй бөгөөд хоёр ч дээд сургууль төгссөн. Үл хөдлөх хөрөнгө, телефон холбоо, телевизийн үйл ажиллагаа явуулдаг байжээ. Енлак улстөрд орохыг өөрөө хүсээгүй. Гэвч хувь заяа, гэр бүлийн эрхэнд тийшээ эргэлтгүй оржээ. Енлакийн гэр бүлд Ерөнхий сайдын алба хашиж байсан хоёр ч хүн бий. Нэг нь эгчийнх нь нөхөр бол нөгөө нь түүний төрсөн ах. Түүний ах Таксин Чинаватыг эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн сайдын суудлаас нь түлхэн унагасан. Өдгөө тэрбээр хилийн чанадад нуугдаж буй гэх боловч сүүлийн үед манай Монгол Улсаар ч үзэгдэх болсон билээ.2008 онд Тайландын сөрөг хүчин «Феу Тай» хэмээх шинэ намыг байгуулж, даргаар нь сайхан бүсгүйг томилохоор шийджээ. Дээрх шийдвэр ч зөв байж, энэ зун тус нам парламентын сонгуульд олонхын суудал авч, ялалт байгуулсан билээ. Гэхдээ баярлах болоогүй. Енлакийг засгийн гарсны дараахан тус улс сүүлийн 50 жил байгаагүй их үерт автаж. Үүнийг зурхайч, төлөгчид бурхныг хилэгнүүллээ гэлцэх болжээ. Их үер Бангкок хотыг нөмөрч, ард иргэд Засгийн газраа бэлтгэлгүй байсанд буруутгаж эхэлсэн. Харин одоо ард түмэн Енлакийг засгийг эрхийг хэтрүүлсэн хэмээх болов. Яагаад гэвэл тэрбээр нийслэлийнхээ төвийн хорооллыг усанд автуулахгүйн тулд усны байгууламжийг нээхгүй байх захирамж гаргаснаас болж үерийн ус хотыг дайран далайд цутгаж чадахгүйд хүрч, ажилчны дүүрэг, дагуул хотууд сүйрчээ.
Аиша Каддафи
Ливийн тэргүүн асан хурандаа Муаммар Каддафи аймшигтайгаар насан эцэслэсэн. Гэвч галзуурсан босогчдод энэ нь багадсан бололтой. Тэд хурандаагийн охин, сайхан төрсөн Аишаг ангуучилсаар байна. Барууны хэвлэлүүд Аиша Каддафийг саяхан л «Хойд Африкийн Клаудия Шиффер» хэмээж байсан бол өдгөө «Түүнийг там руу нь тонилго» гэх болов. Уг нь энэ бүсгүй Клаудия Шиффертэй огтхон ч адилгүй. Харин дэгжин нэгэн тул үсээ цайвраар будуулж, хуучинсаг үзэлтэй ливи эрчүүдийн уур бухимдлыг бардаг байсан юм. Түүнчлэн ливичүүд Аишагийн улстөрийн идэвхэд дүргүйцдэг байлаа. Хуульч мэргэжилтэй тэрбээр гэр бүлийнхээ нэрийн өмнөөс Европын холбооны олон корпорацитай хэлэлцээр хийдэг байсан. Мөн Иракийн удирдагчагсан Саддам Хусейнийг шүүхэд өмгөөлж байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш руу гутал шидэх санаачилгыг гаргасан нэгэн. Ливидээ бол Аиша эмэгтэйчүүд, эрчүүдийн тэгш эрхийн төлөө эцэлт цуцалтгүй тэмцэж байсан юм. Жилийн өмнө тэрбээр НҮБ-ын сайн дурын элчээр томилогдон, ДОХ-ын эсрэг цөөнгүй ажил хийсэн.
2011 оны хоёрдугаар сард Ливид хувьсгал эхлэх үед Аиша хэдийгээр жирэмсэн байсан ч хотуудаар явж, Каддафийн талынхныг тэмцэлд дуудаж байсан билээ. Харамсалтай нь түүнийг аймшигт зүүднээсээ салж ч амжаагүй байтал бүх зүйл төгсгөл болжээ. Бүсгүй эцгийнхээ биеийн байдлыг асуухаар гар утас руу нь залгатал алуурчдын нэг нь авч «Бид түүнийг дөнгөж сая нухчихлаа» хэмээн хөөрсөн байдалтайгаар дуулгасан гэдэг. Дөрвөн ах, нөхрийнх нь үхэл, бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан бяцхан охин нь...
Аиша үүнээс болж есөн сартай жирэмсэн байхдаа эх орноо орхихоос аргагүйд хүрч, Алжирын цөлд үрээ төрүүлсэн юм. Өдгөө тэр Алжирын засаг захиргаанаас бүрэн хараат байдалд орсон бөгөөд хэзээ дуртай цагтаа Ливийн шинэ эздэд худалдагдах эрсдэлд оржээ.
Беназир Бхутто
Зууны хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Беназир Бхутто төрөлх Пакистанд нүүрлэсэн ядуурал гээч зүйлийг мэдрээгүй өссөн, язгууртан гаралтай айлын эхин. Урду хэлнээсээ илүү англиар сайн ярьдаг тэрбээр АНУ-ын Харвардын их сургуулийг төгссөн. Үүний дараа Британийн Оксфордын их сургуульд элсэж, тус сургуулийн Оюутны холбооны анхны ази тэргүүнээр ажиллаж байв.
Беназир улстөр хүнд үнэхээр хортой гэдгийг сайн мэддэг байлаа. Түүний эцэг Зульфикар Бхутто Пакистаны Ерөнхий сайдаар ажиллаж байсан ч шүүх түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн үзэж, 1979 онд дүүжилж хороосон юм. Беназирыг ч мөн тухайн үед камерт бус, торонд хорьж байсан.
Гэсэн ч зоригт бүсгүй улстөрд орж, 1988 онд Ерөнхий сайд болжээ. Түүнийг лалын шашинт орнуудын хамгийн анхны Засгийн газрын эмэгтэй тэргүүн хэмээж болно. Үүнээс гадна тэрбээр 1990 онд Ерөнхий сайд байхдаа гурав дахь хүүхдээ төрүүлснээр түүхэнд энэ суудалд хүүхэд гаргасан хамгийн анхны эмэгтэй болсон байна.
Түүний нам сөрөг хүчнээр хэсэг хугацаанд ажиллаж байгаад 1993 онд тэрбээр дахин Ерөнхий сайдаар сонгогджээ. 1996 онд Беназирыг эрх мэдлээ хэтрүүлсэн, эдийн засгийн алдагдалд оруулсан гэх шалтгаанаар засгийн эрхээс түлхэн унагаж, нөхрийг нь төрийн мөнгө шамшигдуулсан хэргээр шоронд хийв. Энэ үеэр Беназир хүүхдүүдтэйгээ Дубай руу дүрвэсэн байлаа. Нэгэнт байдал ийм байхад Беназир нарлаг Эмиратад жаргаж болох байсан. Гэвч тэрбээр сөрөг хүчний Ардын намаа үргэлжлүүлэн удирдсаар 2007 оны сонгуульд оролцохоор Пакистандаа эргэн иржээ. Бхуттог хоёр удаа хөнөөхийг оролдсон бөгөөд хоёуланд нь түүний талынхан хэдэн арваараа амиа алдсан юм. Гурав дахь удаа буюу 2007 оны 12 дугаар сарын 27-нд амиа золиослогч түүнийг хөнөөсөн байна.
Индира Ганди
Индира Ганди бол XX зууны хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг. Тэрбээр Энэтхэгийн төр улсын эцэг Махатма Гандитай огт холбоогүй. Гэхдээ түүний эцэг Жавахарлал Неру Энэтхэгийн анхны Ерөнхий сайд байсан бөгөөд Индира түүний нарийн бичгээр ажилладаг байжээ.
Эцгийгээ нас барсны дараа 1964 онд гоолиг сайхан, авьяаслаг Индира намаа толгойлж, 1966 онд буюу 49 настайдаа Ерөнхий сайд болсон аж. Энэ суудалд тэрбээр 1977 он хүртэл тасралтгүй суусан бөгөөд энэ хугацаанд Пакистантай хийсэн дайнд ялж, Энэтхэгийн эдийн засгийн хөгжилд олон чухал алхам хийсэн юм.
Дутагдалгүй хүн байдаггүйн адил Индира Ганди бусдын үзэл бодлыг тэвчиж чаддаггүй нэгэн байв. Тиймээс тэрбээр сөрөг хүчнийхэнтэй амар хялбар аргаар ярилцахын тулд улс оронд онц байдал зарлаж байсан удаатай. Эцсийн бүлэгт Энэтхэгийн элитүүд түүний эсрэг нэгдэж, засгийн эрхээс нь түлхэн унагажээ. Ганди ажил ч үгүй, мөнгө ч үгүй, тэр бүү хэл амьдрах байр ч үгүй үлдэв.
Гэхдээ шинэ төр засаг түүнд «амьдрах байр» олгосон нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн шоронгийн камерт суулгасан явдал байлаа. Индира тун удалгүй эрх чөлөөтэй болж, 1980 оны сонгуульд ялалт байгуулжээ. Шорон Гандийг улам догшин болгосон бололтой. 1982 онд тус улсын Пенжаб мужид сикх үндэстнүүд автономит засаглалыг хүсч, жагсахад Индира армиа жагсаалыг дар хэмээн илгээсэн байна. Энэ бол түүний хийсэн хамгийн ноцтой алдаа байсан юм.
Учир нь энэ үндэстэн төвийг сахисан үзэлтнүүд байсан тул Энэтхэгийн улстөрчдийг хамгаалдаг байлаа. 1984 оны 10 дугаар сарын 31-нд йндира Ганди ордныхоо цэцэрлэгээр зугаалж явтал түүний бие хамгаалагч сикх үндэстэн хоёр залуу 29 удаа бууджээ. Энэтхэгчүүд үүнээс болж маш их хилэгнэж, 5000 сикх үндэстнийг амьдаар нь шатаасан юм.
Юлия Тимошенко
«Ю хатагтай»-н жишээг авч үзье. Түүнийг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутгаж, долоон жилийн ял өгсөн. Хэрвээ тэр царайлаг, бусдаас давуу нэгэн байгаагүй бол ингэж шүүгдэхгүй байсан биз.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.