Азийн төр засаг бүсгүйчүүдийн гарт орлоо
2011.08.13

Азийн төр засаг бүсгүйчүүдийн гарт орлоо

-ОХУ-ын тоймч В.Трухачевын нийтлэл-

Өнгөрсөн 7 хоногт Тайландын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхий сайд болсон. Йинглак Чинават Тайландын засгийн эрхэнд гарсан явдал нь бүсгүйчүүд эрх баригчдын дүрд улам бүр дасч байгааг нотоллоо. Энэ нь чөлөөт өрнөд төдийгүй Азид ч хамаатай болж байна. Гэхдээ Азийн төрийн тэргүүн, удирдагч эмэгтэйчүүд Европынхоос онцлог ялгаатай.


Йинглак Чинават бол Тайландын экс Ерөнхий сайд Таксин Чинаватын дүү охин. Таксин Чинават 2006 онд цэргийн эргэлтээр албан тушаалаасаа бууж, одоо авлигын хэргээр олон улсад эрэн сурвалжилж байгаа билээ. Йинглак бүсгүй АНУ-д сурсан бөгөөд олон жилийн турш гэр бүлийн бизнест ажиллажээ. Ахыгаа огцорсны дараа Йинглак улстөрд орсон юм. Дубайд болсон гэр бүлийн зөвлөгөөн дээр цөлөгдсөн ах нь түүнийг “Тайландын төлөө” намынхаа удирдагчаар томилсон юм.  Дүү нь ч ахынхаа итгэл найдварыг алдсангүй. Йинглак Чинават парламентын сонгуульд оролцох намынхаа жагсаалтыг толгойлж, улмаар 500 суудлын 256-г авсан. Ингээд 8-р сарын 9-нд хаан Пумпион Адульядет түүнийг Ерөнхий сайдын албан тушаалд баталлаа.



Тайландаас ялгаатай нь Зүүн Өмнөд Азийн өөр нэг орон Филиппин аль хэдийнээс эмэгтэй Ерөнхийлөгчтэй байж ирсэн. 1986-1992 онд энэ улсыг удирдаж байсан Корасон Акино бол Азийн домогт хүн. Тэрбээр энэ том тивийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч билээ. Корасон Акино эрх мэдлийг атгаж байхдаа Фердинанд Маркосын олон жилийн дарангуйллыг эцэслэж, эх орноосоо АНУ-ын цэргийн баазуудыг гарган гавъяа байгуулжээ. Корасон баян чинээлэг гэр бүлд төрж, азаар сайн  нөхөртэй учирчээ. Тэрбээр парламентын тэргүүлэгч асан I Бениньо Акиногийн бэр, сенаторч II Бениньо Акиногийн гэргий юм. Тэгээд ч энд цусан төрлийн холбоогүйгээр дээш гарах аргагүй.

Харин одоо түүний хүү III Бениньо Акино улс орныг удирдаж байна. Корасон Акино мөн л Йинглак Чинават шиг АНУ-д сурчээ. Филиппиний анхны эмэгтэй Дэд ерөнхийлөгч Глория Арройо (1998-2001 он), 2 дахь эмэгтэй Ерөнхийлөгч (2001-2010 он) нь аавынхаа ачаар л ийм өндөрлөгт гарсан. Тэрбээр төрийн тэргүүн Диосадо Макапагалын гэр бүлд төржээ. Арройо улстөрд тууштай, хатуу бодлого явуулж, үр дүнд хүрсэн ба Ерөнхийлөгч Джозеф Эстрадыг буулгахар гар бие оролцсон байна. Глория Арройо улс орноо бүтэн 10 жил жолоодсон юм. Түүнийг авлигад буруутгаж, огцруулахыг оролдсон ч Глория Арройо даваад гарчээ.



Шри-Ланкийн төрд эмэгтэйчүүдийн удам дамжсан угсаа бий болсон гэж хэлж болно. Сиримаво Бандаранаике 1960 онд Азид төдийгүй дэлхийд анхны Ерөнхий сайд болсон билээ. Том газрын эзний охин тэрбээр ирээдүйн Ерөнхий сайд Соломон Бандаранаикетай гэрлэжээ. 1959 онд нөхөр нь алагдаж, нам болон улс орноо Сиримаво тэргүүлэх болов. Тэр Ерөнхий сайдын суудалд 3 удаа суусан, сүүлчийн удаа 1994-2000 онд. Эмэгтэй хүн 40 жил улстөрд байна гэдэг ихэнх эрэгтэй улстөрчийг ч атаархуулах амжилт.  Сиримаво чадварлаг дипломатч гэдгээ батлан харуулсан юм. Тэрбээр социалист чиг баримжааг дэмжиж, улмаар хоорондоо дайсагнадаг ЗХУ, БНХАУ-ын аль алинтай нөхөрлөж чадсан билээ. Энэ улсын эдийн засгийн гол түнш нь Энэтхэг байсан ба мөн Пакистантай харилцаа холбоогоо сайжруулсан. Түүнийг төрийн тэргүүн байх үед Шри-Ланк улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гол багана болж байв. Чухам Сиримаво Бандаранаике л Цейлоныг Шри-Ланк хэмээн өөрчилж нэрлэсэн юм.


Сиримавогийн охин Чандрика Бандаранаике Кумаратунге ч том амжилтад хүрсэн. Тэрбээр 1994-2005 онд Шри-Ланкийн Ерөнхийлөгч байв. Сонирхолтой нь Чандрикаг Ерөнхийлөгч байсан эхний 6 жил Засгийн газрыг түүний эх нь удирдаж байсан юм. Энэ бол дэлхийн түүхэнд байгаагүй үзэгдэл байв. Европт л гэхэд төрийн эрхэнд хоёр эмэгтэй гарсан тохиолдолд дөнгөж өнгөрсөн жил бүртгэгдсэн. Гэхдээ Финляндын Ерөнхийлөгч Тарья Халонен ба Ерөнхий сайд Мари Кивиниеми нар хамаатан биш. Тэгэхээр Энэтхэгийн далайн энэ арал улстөрийн салбарт анхдагч болж чадсан байна.



Азийн хамгийн алдартай улстөрч эмэгтэй бол мэдээж Индира Ганди. Тусгаар тогтносон Энэтхэгийн Засгийн газрын тэргүүн Джавахарлала Неругийн охин тэрбээр нэг бус удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Индира Ганди нийгэмд хандсан бодлого явуулж, ЗХУ-тай нөхөрлөж байсан ч Энэтхэгийг социалист орон болгоогүй. Мөн өрнөдтэй муудалцдаггүй байсан юм. Тэр өөрийн заналт дайсан Пакистаныг 2 хуваагдаж, Бангладеш улс үүсэхэд тус дэм үзүүлсэн байна. Индира гадаад улстөрд амжилттай явж байсан ч дотоодод эсрэгээр. 1984 онд түүний тушаалаар цэрэг армийнхан Пенджаб мужид болсон индуистууд, сикхуудын мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцож, индуистуудыг өмөөрөв. Үүний дараа амиа золиослогч сикх үндэстэн Индира Гандийг дэлбэлсэн билээ. Түүний хүү Ерөнхий сайд Раджив Ганди мөн амиа золиослогчийн бөмбөгт өртсөн, гэхдээ тамилийн.


Энэтхэг бол парламентын улс учраас Ерөнхийлөгчийн бүрэн эрх хязгаарлагдмал. Энэ улсын албан ёсны төрийн тэргүүнээр  4 жилийн турш Пратибха Патил сууж байгаа. Тэрбээр Азийн бусад эмэгтэй улстөрчөөс ялгаатай нь аль нэгэн алдартай төрийн зүтгэлтний охин буюу эгч, эхнэр биш. Гэхдээ тэр олон жилийн турш Гандийн гэр бүл болон Энэтхэгийн Үндэсний конгресс намд үнэнч байж ирсэн юм. Энэ тал дээр тэр цусан төрлийн холбооны тусламжтай бус харин өрнөдийнхөн болон Европ, Америк шиг нөхөрлөлийг түшиглэн төрийн өндөрлөгт гарсан байна.


Пакистаны эмэгтэй төрийн тэргүүн дэлхийд хамгийн алдартайчуудын нэг. Беназир Бхутто 1988-1990, 1993-1996 онд 2 удаа Ерөнхий сайдын албан тушаал эзэлж байсан. Лалын шашинтай оронд ийм өндөрлөгт хүрсэн анхны эмэгтэй юм. Тэр лалын улс гэхэд их эрх чөлөөтэй байсан. Беназир Бхутто Харвард, Оксфордод сурсан бөгөөд залуудаа бусад эмэгтэй шиг алчуур ороодоггүй байсан. Гэхдээ тэр нөлөө бүхий өвөг дээдсийнхээ ачаар дээш гарч ирсэн юм. Түүний өвөө Шах Наваз Бхутто болон эцэг Зульфикар Али Бхутто нар нь Пакистаны Ерөнхий сайд байсан. Гэхдээ Беназир алдар цуугаараа тэднээс ч давж гарч чадсан билээ. Түүнийг Ерөнхий сайд байх үед ЗХУ хөрш Афганистанаас цэргээ бүрэн гаргаж, Пакистан-Энэтхэгийн харилцаа сайжирч, Пакистанд бичиг үсэггүйчүүдийн тоо гуравны нэгээр буурчээ. Гэхдээ авлига түүнийг унагасан. Беназир Бхутто авлигатай тэмцээд бараагүй, сүүлдээ түүнийг өөрийг нь хахууль авсан хэрэгт буруутгав. Иймээс тэр 1998-2007 онд гадаадад нуугдаж байгаад 4 жилийн өмнө эх орондоо буцаж ирсэн. Түүний Пакистаны ардын нам сонгуульд ялах магадлалтай байсан ч 2007 оны 12-р сарын 27-нд болсон алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн юм. Беназирын хойноос тэр үед дэлхий тэр чигээрээ гашуудан эмгэнэж байсан.


Бангладеш өмнө нь Пакистанд хамаарч байсан юм. Өнөөдөр энэ улсыг Ерөнхий сайд Хасина Вазед толгойлж байна. Тэр бол Бангладешийн анхны Ерөнхийлөгч Шейх Мирзабур Рахманы охин. Тэр хэдийгээр Ганди, Бхутто шиг алдар цуутай биш ч дажгүй амжилтад хүрсэн. Хасина Вазед 1996-2001 онд анх удаа Бангладешийн Ерөнхий сайд болж, Үндсэн хуулийн хугацааг дуустал суусан билээ. Бхуттогоос ялгаатай нь тэр амь насанд нь халдах оролдлогыг амжилттай даван туулж, улстөрийн замналаа үргэлжлүүлж байна.



Индонези хэмээх дэлхийн лалын шашинтай хамгийн том орныг Ерөнхийлөгч Мегавати Сукарнопутри (2001-2004 он) толгойлж байлаа. Тэр улсынхаа анхны Ерөнхийлөгч Ахмед Сукарногийн охин юм. Эдийн засгийн мэргэжилтэй Мегавати Сукарнопутри 1997-1998 оны хямралын үеэр унасан эдийн засгаа сэргээсэн. Гэхдээ түүнийг эрх барьж байх үед Бали арал дээр цуст алан хядах ажиллагаа болж, 202 гадаадын жуулчин амь үрэгдсэн юм. Сукарнопутри улсын Ерөнхийлөгчийг шууд сонгох журам гаргасан биш өөрөө золиос болж, 2004 онд ялагдсан билээ.


Лалын хамгийн дэвшилтэт улс бол Турк. 1993-1995 онд энэ улсыг Тансу Чиллер удирдаж байв. Тэр бол Биледжик мужийн амбан захирагчийн охин бөгөөд АНУ-д эдийн засгийн дадлага хийж байсан. Тэр янз бүрийн жилүүдэд Засгийн газарт олон албан тушаал хашсан. Тансу Чиллер армийг өөрчлөн шинэчилж, улмаар Курдын ажилчны намыг алан хядагч байгууллага гэж АНУ-д итгүүлж чадсан байна. Түүнийг авлигад буруутгасан ч Чиллер шоронд суугаагүй. Гэхдээ тэр 2002 онд улстөрөө орхисон.


Азийн хамгийн эрх чөлөөтэй эмэгтэйчүүд Япон, Солонгос, Хятадад амьдардаг. Гэхдээ эдгээр улс хэзээ ч эмэгтэй Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй байгаагүй. Энд онцлон дурдахад Хятадын нэрт улстөрч Сунь Ятсены эхнэр Сун Цинлин хэсэг хугацаанд төрийн өндөрлөгт гарсан юм. Тэр үхэхээсээ 13 өдрийн өмнө /1981 онд/ БНХАУ-ын хүндэт тэргүүлэгчээр сонгогдсон. Гэхдээ Сун Цинлинийг мэдээж төр улсын удирдагч гэж үзэх аргагүй. Европд төдийгүй Азийн орнуудад ч эмэгтэйчүүд ийнхүү улстөрд хүч түрэн орсоор. Гэхдээ Азид нэг онцлог бий. Дээр дурдсан эмэгтэйчүүдийг улстөрийн  карьер хийхэд гэр бүл их тусалжээ. Иймээс Их Британий мухлагийн эзний охин Маргарет Тэтчер, жирийн нэгэн ламтны охин Ангела Меркель шиг тохиолдол Азид гарах нь юу л бол.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.