Д.Оюунхорол: Эмэгтэйчүүдэд 20  хувийн суудал өгөх ёстой
2011.07.19

Д.Оюунхорол: Эмэгтэйчүүдэд 20 хувийн суудал өгөх ёстой

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-2011 оны хаврын чуулган хаалтаа хийлээ. Энэ удаагийн хаврын чуулганы үйл ажиллагаанд та ямар үнэлгээ өгөх вэ?

-Сонгуулийн хууль хэлэлцэх асуудал тохиролцоонд хүрч чадахгүй байгаа учраас УИХ-ын үйл ажиллагаа гацаанд байна. Тэгш ойн жилүүд Монголын ард түмэнд маш их ээлтэй байдаг. Ийм цаг үед хууль тогтоох дээд байгууллага ийм байдалтайгаар үйл ажиллагаагаа завсарлуулж байгаа нь харамсалтай. Энэ бол ард түмний хүлээж байгаа нийтлэг эрх ашиг биш. Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэдэг дээр хоёр намын бүлэг тохиролцож, хэлэлцэх асуудлын 95 хувийг шийдсэн. Одоо сонгуулийн тогтолцооны асуудал үлдлээ. Тохиролцож чадахгүй байгаа энэ асуудлаа ард түмнээсээ асууя гэсэн саналыг манай намын бүлгээс гаргасан. Харамсалтай нь энэ саналыг АН-ын бүлэг хүлээж авах боломжгүй гэсэн. Эцсийн эцэст ард түмэн биднээс пропорциональ, мажоритар тогтолцооны аль нэг хэлбэрийг биш илүү сонгогчдын санал хаягддаггүй, хариуцлагатай, мөнгөнийх биш, төр түшилцэх хүнээ хамгийн шударгаар гаргаж ирье гэдэг зүйлийг хүсэж байгаа.

-Сонгуулийн хуулийг тойрсон олон асуудлыг ярьсан. Олон парламент дамжин яригдсан  эмэгтэйчүүдийн  квотын  асуудал энэ удаагийн Сонгуулийн хуульд хэрхэн тусгагдаж байгаа вэ?

-Эмэгтэйчүүдийн квотыг одоогийн парламент 15 хувь гэж үзэж байгаа. Би үүнийг 20 хувь болгоосой гэж бодож байна. Өнөөдөр нийт сонгогчдын 50.4 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Нийт сонгогчдын талаас илүү хэсгийн төлөөлөл хууль тогтоох дээд байгууллагад 20 хувийн суудалтай байх нь аливаа асуудлыг бодитой харахад нөлөөлнө. Эмэгтэй улстөрчид аливаа асуудалд туйлширдаггүй, зарчимч, асуудлыг жижиг гэж орхилгүй анхаарлаа хандуулдаг, нийгмийн гол салбаруудад байгаа эмзэг асуудлуудыг хөндөж тавихдаа илүү зоримог байдаг. Манай эрчүүд илүү том асуудлууд дээр зоримог дуугарч, ач холбогдол өгч ярьдаг. Тухайлбал, Тавантолгой, Оюутолгой гэхээр эрчүүд илүү их бодож, толгойгоо ажиллуулдаг. Энэ бүхэн сайн. Бидэнд төрт ёсны уламжлалаа бодоход, эрчүүдтэй учиргүй барьцаад, сандал суудлын төлөө өрсөлдөөд байхыг хүсэхгүй байна. Гэхдээ тодорхой хувьд нь суудал авах эрх зүйн орчныг бий болгох тал дээр улстөрчид дэмжлэг үзүүлнэ байх гэж бодож байна. Жендерийн асуудал дээр би Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт орж идэвхтэй ажиллана. Энэ ажлын хэсэгт оруулаасай гэж бодож байна.

-Энэ удаагийн парламентад сууж байгаа эрэгтэй гишүүд жендерийн асуудалд хэрхэн хандах төлөвтэй байна вэ?

-73 эрэгтэй гишүүн маань эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, бодлого боловсруулах төвшинд оролцох боломжийг бий болгох ёстой гэдгийг дэмжиж байгаа. Ер нь, бид дэлхий нийтэд байгаа энэ чиг хандлагаас ухарч болохгүй. Тэртэй тэргүй эрчүүд давамгайлсан улс төр явдгаараа явна. Үүнээсээ 20 орчим хувийг нь эмэгтэйчүүдэд тавиад өгвөл энэ нийгмийн гол төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөж тавихад хэрэгтэй. Түүнээс эмэгтэйчүүд дарга, цэрэг болох гээд суудал булаацалдаж байгаа асуудал энэ биш. Эмэгтэйчүүд маань харьцангуй эрүүл ухаантай шүү дээ.

-НАЭХ-ны даргын суудлыг аваад удаагүй байна. Улс төрийн ууган хүчний эмэгтэйчүүдийн байгууллага цаашид юу хийх вэ?

-НАЭХ-ны V чуулган хуралдаж. ерөнхийлөгчөөр нь би сонгогдсон. Энэ удаагийн хурал нэлээд ардчилалтай, уламжлал шинэчлэл хийсэн үр дүнтэй хурал болсон. Бид энэ удаагийн хурлаараа асуудлуудаа тодорхой болгож, шаардлагатай байгаа гэсэн гэрийн даалгавар авсан. Эмэгтэйчүүдийн нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудад бид суурь байдлаар хандах шаардлагатай байгаа. Таван гол бодлого, зорилтыг дэвшүүлсэн.

-Намуудын дүрэмд оруулсан квот энэ сонгуулиар мөрдөгдөх үү?

-Манай улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлнэ гэсэн олон улсын олон конвенцид нэгдсэн. Гэвч өнөөдөр ам, ажлын нэгдлээ хангаж чадахгүй байна. Тиймээс эмэгтэйчүүдийн улс
төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор намуудын дүрэмд байгаа 25 болон 30 хувьд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлнэ гэсэн заалтаа бодит ажил болгох шаардлагатай байна. Сонгууль зөвхөн УИХ-ын сонгуулиар хязгаарлагддаггүй. Орон нутгийн сонгуульд оролцох эмэгтэйчүүдийн оролцоо, боловсрол, мэдлэгийг нь нэмэгдүүлэх, чадварлаг хэрнээ нийгэмд танигдаж чадахгүй байгаа олон мянган эмэгтэйчүүдийг ил гаргах бодлого гаргаж ирэх бодолтой байна.

-Улс төрд эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь оролцоо ямар байгаа гэж та үзэж байна вэ?

-Сайн байгаа. Би НАЭХ-ны ерөнхийлөгчийн ажлыг аваад сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ажиглахад манай эмэгтэйчүүд улс төрд ороход маш сайн бэлтгэгдсэн байна. Бидний
мэдээгүй, таниагүй хэсэг маш их байна.Тиймээс салбар бүрийн эмэгтэйчүүдтэй уулзаж, тэр болгон дээр судалгаа явуулахаар бэлтгэж байгаа. Манай эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү боловсролтой чамбай болсон. Гүйцэтгэх ажлыг нь эмэгтэйчүүд, даргыг нь эрчүүд хийх ёстой гэдэг жишгээсээ салах хэрэгтэй байна. Монголын сонгогчид эмэгтэйчүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ үнэлэмж дээр үеийн "Үс нь урт ухаан нь богино" гэдэг зарчмаар яваад байна. Гэтэл өнөөдөр эмэгтэйчүүд гадаа гарч эр, гэрт орж эм болж Монголын нийгэмд маш олон хүний амь амьдралыг авч явж байгаа. Тиймээс эмэгтэйчүүдийнхээ үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд улс төрийн нам, иргэний эвсэл, ТББ, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллах шаардлагатай байна.

-Намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг зөвхөн нам дагасан улс төр хийдэг байгууллага гэж хүмүүс шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Өнөөдөр намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага зөвхөн нам дагасан улс төр хийхээс илүү Монголын нийт эмэгтэйчүүдийн өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа. Эмэгтэйчүүдийн байгууллагын шинэчлэл, манлайлал эндээс эхлэх ёстой гэж боддог. Өнөөдөр нийгмийн бүх бүлгийн эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргамаар байна. Нийт эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудал шийдвэрлэгдэхгүй байна. Тухайлбал, гэр бүлийн задрал хүчтэй явагдаж байгаа энэ үед өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилд ихээр нэмэгдэж, 74 мянгад хүрсэн. Энэ хүмүүст төрөөс ямар ч дэмжлэг байдаггүй. Эдгээр өрхийн дунд ямар нэгэн орлогогүй зөвхөн улсаас өгч байгаа 21 мянган төгрөгөөр амь зууж байгаа олон айл байна. Мөн ажил төрлөө хийгээд явъя гэхээр хүүхдийг нь авч хүмүүжүүлэх цэцэрлэг олдохгүй байна. Нөгөө л ар, өврийн хаалга нь хэрэг болно шүү дээ. Энэ мэт жижигхэн юм шиг хэрнээ тулгамдаж байгаа том том асуудал айл өрхийн амьдралд нөлөөлж байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нам, төрийн бодлогоор дэмжүүлж ажиллахын төлөө нэлээд зүтгэнэ гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.