Зуун дамжин уламжлагдсан ирсэн “мал” шиг сэтгэхүйг ч өөрчилж болдог
2011.08.29

Зуун дамжин уламжлагдсан ирсэн “мал” шиг сэтгэхүйг ч өөрчилж болдог

  • Бид маш доогуур түвшнээс эхэлсэн
  • Бид автобусны системийг өөрчилж, 1971 оноос хойш олон ажлын байрыг шинээр бий болгож, хувиараа машин барьдаг хүмүүст боломж олгосны эцэст хулгайн таксинаас гудамжуудаа цэвэрлэж авсан
  • Гудамжны худалдаа, гуанзыг авто замын хажуугаас халуун хүйтэн ус, хог зайлуулагч бүхий төвүүд рүү нүүлгэж чадав. Тэдний зарим нь алдартай тогооч болж, амттай, сайхан хоолоороо жуулчдыг татдаг боллоо. Тэр бүү хэл баяжсан тогоочид одоо саятан болчихсо
  • Бид ажилчин анги болон дунд давхаргын төлөөлөгчдийн амьдарч байгаа орчинг ижил болгож чадсан юм. Гэвч...
  • Бүтээн босголтын ажилтай холбоотойгоор бид хүн амыг нүүлгэн шилжүүлэх тусгай тасаг байгуулав.
  • Би 1970 оны намар Бостонд очоод шатахуун түгээгүүрийн дэргэд урт оочир үүссэнийг хараад гайхсан.
  • Иймээс би Хятадын энэ уламжлалыг бүр мөсөн хорилоо. Гэсэн ч эсэргүүцэгчид байсаар л.
  • Манайд бохь зажлахыг хориглоход америкчууд шоолж байлаа.
Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю «Хүмүүсийн хэвийн амьдрах эрх хэрэгжээгүй нөхцөлд мал шиг бус харин хүн шиг амьдрах орчин бүрдээгүй цагт шинэтгэл хийх боломжгүй» гэжээ. Түүний «Хэдэн зуун дамжин уламжлагдан ирсэн мал шиг сэтгэхүйг ч өөрчилж болдог» гэсэн нийтлэлийг хүргэж байна.

Миний стратегийн нэг хэсэг нь Сингапурыг Зүүн Өмнөд Азид «дэлхийн анхны баянбүрд» болгох явдал байлаа. Хөгжингүй орнуудын стандартын жишгээр хотуудаа тохижуулбал Сингапур бүс нутагтаа бизнес, аялал жуулчлалын бааз болно гэж бид үзсэн. Үнэндээ хотын дэд бүтцийг өөрчлөх нь хүмүүсийн дадал зуршлыг өөрчлөхөөс хялбар байсан юм. Олон хүн гадаа жорлонтой урц, овоохойноос цэвэр, бохир устай орчин үеийн тэнгэр баганадсан өндөр байшинд нүүж орсон ч авир төрх нь хэвээрээ байлаа. Иймээс бид хог хаягдал, бүдүүлэг зан авир, дуу чимээний эсрэг тэмцэж, хүмүүсийг бие биедээ эелдэг, боловсон ханддаг болгохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Хүмүүсийн харанхуй, бүдүүлэг, соёлгүй «мал» шиг сэтгэхүйг өөрчилж чадсан цагт өөрчлөлт, шинэтгэл боломжтой.

Бид маш доогуур түвшнээс эхэлсэн. 1960-аад онд сайд, парламентын гишүүд бид ард түмэнтэйгээ уулзах үед ажилгүй хүмүүс эхнэр, хүүхдүүдтэйгээ ирж, урт дараалал үүсгэдэг байв. Тэд ажил олж өгөхийг гуйн, гудамжны худалдаа эрхлэх эсвэл такси барих, сургуулийн хоолны газарт хүнсний бараа зарах зөвшөөрөл хүсдэг байсан. Хэдэн мянган ийм хүн гудамж талбайд хоол хийж талхны мөнгөө олдог ч тэд замын хөдөлгөөний дүрэм, ариун цэврийн болон бусад шаардлагыг үл тоомсорлодог байсан юм. Ингээд хотын ихэнх хэсэг хог новшиндоо дарагдаж, бохир заваан, эмх замбараагүй байхын зэрэгцээ өмхийрч ялзарсан хоолны үнэр үнэртдэг байв. Бид ялаа, шумуулыг устгаж, өмхий үнэртэй жорлон, шуудуу сувгийг үгүй хийснээр хотын нийтийн бүх жорлон зохих шаардлагыг хангасан.

Олон иргэн ямар ч зөвшөөрөл, даатгалгүй хэрнээ хулгайгаар хүн тээвэрлэдэг байв. Тэд хаа ч хамаагүй зорчигчдыг авч, буулган замын хөдөлгөөнд аюул учруулж байсан. Олон зуу, мянган хулгайн такси нийтийн тээврийн хөгжлийг зогсоох шахсан тул Засгийн газар хэдэн жилийн турш үүнтэй тэмцлээ. Бид автобусны системийг өөрчилж, 1971 оноос хойш олон ажлын байрыг шинээр бий болгож, хувиараа машин барьдаг хүмүүст боломж олгосны эцэст хулгайн таксинаас гудамжуудаа цэвэрлэж авсан. Гудамжны худалдаа, гуанзыг авто замын хажуугаас халуун хүйтэн ус, хог зайлуулагч бүхий төвүүд рүү нүүлгэж чадав. Тэдний зарим нь алдартай тогооч болж, амттай, сайхан хоолоороо жуулчдыг татдаг боллоо. Тэр бүү хэл баяжсан тогоочид одоо саятан болчихсон, мерседес унаж байна. Ийм хүмүүсийн бизнес сэтгэлгээ, эрч хүч, авьяас билэг л өнөөгийн Сингапурыг бүтээсэн юм.

Бид Сингапурыг хот-цэцэрлэг болгохоор шийдсэн. Би төрөл бүрийн нээлт, ёслол, янз бүрийн байгууллага дээр, мөн замын хажууд гээд хаа сайгүй мод суулгахад оролцож байлаа. Дараа нь биечлэн очиж, модоо шалгадаг байсан. Зарим газар ургаагүй модны оронд намайг ирэхээс өмнө шинийг суулгаж байсан тул бид Үндэсний хөгжлийн яамны хүрээнд ногоон байгууламжийг хамгаалдаг байгууллагатай боллоо. Цэвэр хот, ногоон байгууламжийн төлөө хөдөлгөөнд өндөр албан тушаалтай түшмэдийг бүгдийг татан оруулж байлаа. Бид сая сая мод, бут суулгасан. Учир нь ногоон байгууламж хүмүүсийн ёс суртахууны түвшинг дээшлүүлж, иргэд өөрийн хотоороо бахархдаг боллоо.

Бид ажилчин анги болон дунд давхаргын төлөөлөгчдийн амьдарч байгаа орчинг ижил болгож чадсан юм. Гэвч хүмүүсийн буруу зуршлуудтай тэмцэхийн тулд улам их хөдөлмөрлөх шаардлагатай болсон. Хүмүүс зүлгэн дээгүүр туучиж, цэцгийн мандлыг сүйтгэн, суулгацыг хулгайлж, унадаг дугуй, мотциклоо тод түшүүлж тав вин гэмтээсээр. Зөвхөн ядуус гэлтгүй докторын зэрэгтэй хүн хүртэл гэрийнхээ гадаа тарих гэж өндөр үнэтэй, тусгай сортын нарсыг хулгайлах тохиолдол ч зөндөө. Хүмүүсийг ногоон байгууламжинд хайртай болгохын тулд бид эхлээд сургуулийн сурагчдад ургамал, ногоог арчлах, хамгаалах хичээл заасан. Тэд дараа нь эцэг, эхтэйгээ туршлагаа хуваалцах болсноор байдал дээрдсэн юм даа. Дэлхийн бараг 50 улсад айлчилсан надад тэдгээр орны үйлчилгээний түвшин их таалагдсан. Ингээд бид дэлгүүрийн худалдагч, таксины жолооч, үйлчилгээний хүрээний болон зочид буудал, зоогийн газрын ажилтнуудад эелдэг, боловсон харьцааны хичээл зааж эхэллээ.

Аялал жуулчлалын болон Худалдаа, үйлчилгээний яам ажилтнуудынхаа дунд үйлчилгээний чанарыг дээшлүүлэх кампанит ажил явуулав. Харин би «Зөвхөн жуулчдад төдийгүй Сингапурын иргэдэд ч зөв, боловсон, соёлч хандах ёстой» гэсэн шаардлага тавьсан. Дараа нь би Батлан хамгаалах яаманд даалгавар өгч, цэргүүдээрээ хүн амын дунд энэ талаар ухуулга сурталчилгаа явуулахыг даалгав. Түүнчлэн Боловсролын яам хагас сая оюутнуудаа, Зам харилцааны газар хэдэн зуун мянган ажилчдаа энэ ажилд дайчилжээ. Ингээд эелдэг, боловсон зан манай амьдралын хэв маяг болж, Сингапур маань жуулчдад төдийгүй оршин суугчдад тав тухай газар болон хувирсан юм. Бүтээн босголтын ажилтай холбоотойгоор бид хүн амыг нүүлгэн шилжүүлэх тусгай тасаг байгуулав. Тэд гудамжны худалдаачин, фермер, гар урлалч зэрэг хүмүүстэй дуусдаггүй яриа өрнүүлж, сэнхрүүлж байлаа. Учир нь иргэд нэг бол өөрсдийг нь нүүлгэн шилжүүлж, эсвэл ажил төрлийн чиглэлээ өөрчил гэж шаардаж байгаад дургүйцэх болсон юм. Энэ бол улстөрийн осолтой даалгавар байсан. Хэрэв бид үүнийг маш болгоомжтой, хүмүүстээ ихэд анхаарал халамж тавин шийдээгүй бол дараагийн сонгуульд саналаа алдах нь ойлгомжтой.

Албан тушаалтнууд, парламентын гишүүдээс бүрдсэн зөвлөл эдгээр арга хэмжээнээс үүдэлтэй улс-төрийн хохирлыг багасгахад бидэнд тусалсан. Хамгийн хүнд нь фермерүүдийг нүүлгэх байсан. Фермийн барилгын үнэ, хатуу хучилттай талбай, жимсний мод, загас үржүүлгийн газар зэргийг тооцон тэдэнд нөхөн төлбөр олгож байлаа. Энэ үед манай эдийн засгийн байдал эрс сайжирсан тул бид нөхөн төлбөрийн хэмжээг ихэсгэв. Гэвч заримдаа хамгийн өгөөмөр нөхөн төлбөр ч хангалтгүй байх нь бий. Ахмад үеийн фермерүүд цаашид ямар ажил хийх, нөхөн төлбөрийн мөнгөөр юу хийхээ мэдэхгүй байсан. Тэд орон сууцанд амьдардаг болсон ч гахай, нугас тахиа, жимсний мод, ногооны газраа санагалзсаар байв. Шинэ хороололд шилжин амьдарснаас хойш 10-15 жил өнгөрсөн ч Ардын хөдөлгөөний намын эсрэг саналаа өгөгчид байсаар байсан. Тэд «Засгийн газар бидний амьдралыг сүйтгэсэн» гэж шүүмжилдэг.

Би 1970 оны намар Бостонд очоод шатахуун түгээгүүрийн дэргэд урт оочир үүссэнийг хараад гайхсан. Жолооч маань надад «Өнөөдөр ирэх жилийн машины лицензээ сэргээх сүүлчийн өдөр. Машинтай хүмүүс тусгай эрх бүхий шатахуун түгээгүүрийн газруудад машинаа ашиглаж болох эсэхийг шалгуулдаг» гэж тайлбарласан. Би Засгийн газрын бүтцэд Хүрээлэн буй орчны бохирдолттой тэмцэх тасаг байгуулж, хөдөлгөөн ихтэй авто замууд дээр машины утааны нягтрал, тоосны бөөгнөрөл, хүхрийн давхар ислийн агуулгыг хэмжих төхөөрөмжүүдийг суурилуулав. Дэлхийн бусад хотын орчимд цэвэр, ногоон дагуул хотууд байдаг. Гэтэл жижигхэн Сингапурт энэ л орон зайдаа бид ажиллаж, амьдран амрах ёстой. Иймээс баячууд, ядуучууд гэж ялгалгүй байгаль орчноо хамгаалах хэрэгтэй шүү дээ.

Жишээлбэл 100 орчим фабрикаар түрээлүүлсэн Журонг хотын төвд 1971 онд шувууны хүрээлэн байгуулсан. Хэрэв бид байгаль орчны бохирдолтын хэм хэмжээг нарийн тогтоож, хатуу чанд дүрэм гаргаагүй бол дэлхийн өнцөг булан бүрээс авч ирсэн шувууд үхэх байсан биз. Би мөн тээврийн хэрэгсэл, барилгын ажил, чанга яригч, зурагт, радиогиин дуу чимээтэй тэмцсэн. Байнгын тэмцлийн дүнд бид шинэ, шинэ дүрэм гарган шуугианы түвшнийг бууруулсаар байлаа. Ялангуяа Хятадын шинэ жилийн баяраар салют буудуулах уламжлалтай тэмцэх их хэцүү байсан. Энэ салют их дуу чимээтэй төдийгүй хүмүүсийг гэмтээдэг. Түүнээс болж модон урц, овоохойтой бүхэл бүтэн тосгон шатсан тохиолдол ч бий. 1970 онд салютаас болж, том түймэр дэгдэхэд таван хүн амь үрэгдэж, олноороо шархдав. Иймээс би Хятадын энэ уламжлалыг бүр мөсөн хорилоо. Гэсэн ч эсэргүүцэгчид байсаар л. Тэд шаардлага тавьсан зэвсэггүй цагдаа нарыг харгисаар зодсоны дараа би гадаадаас салют оруулахыг хориглов. Хүн ам нь бараг тэр чигээрээ 10-20 давхар байшинд амьдарч байгаа нөхцөлд хуучны зарим уламжлалаас татгалзах хэрэгтэй нь ойлгомжтой. 1960-аад онд хотуудын өөрчлөн байгуулалт эрчимжиж, шинэ барилга барих гэж хотын хуучин төвийг нурааж, түүхэн дурсгалт газрыг сүйтгэдэг үе өнгөрлөө.

1971 онд Засгийн газар Хөшөө дурсгалыг хамгаалах газар байгуулав. 1970-аад оноос бид залуусыг буруу зуршлаас сэргийлэхийн тулд тамхины сурталчилгааг бүрмөсөн хориглосон. Дараа нь бид олон нийтийн газар, автобус, галт тэрэгний буудал, оффис, зоогийн газарт ч тамхийг хорьсон. Би дэлхийд үлгэр дуурайл-болсон Канадаас жишээ авсан юм. Америкчууд энэ тал дээр ард хоцорсон, учир нь тэдний тамхины лобби хэт хүчирхэг. Жил бүр «тамхигүй долоо хоног» зохиохын зэрэгцээ би зурагтаар хувийн туршлагаа ярьж өгдөг болов.

Тамхины эсрэг тэмцэл бол дуусдаггүй тулаан. Эд баялаг, АНУ-ын тамхины үйлдвэрлэлийн сурталчилгааны боломж тамхийг хүчирхэг дайсан болгож байлаа. Хөгшин тамхичдын тоо цөөрсөн ч залуус болон охид бүсгүйчүүд занганд орсоор байсан. Гэвч бид энэ тулаанд ялагдах эрхгүй улс. Манайд бохь зажлахыг хориглоход америкчууд шоолж байлаа. 1983 онд Үндэсний хөгжлийн сайд «Цоожны нүх, шуудангийн хайрцаг, цахилгаан шатны товчлуур руу бохио чихсэнээс үүдэн, метро галт тэрэгний хөдөлгөөн зогсох зэрэг асуудал гарах боллоо. Иймээс бохийг хориглоё» гэж уриалав.

Шаланд наалдсан бохь цэвэрлэгээний өртгийг нэмэгдүүлж, цэвэрлэх багаж төхөөрөмжийг эвддэг. Эхлээд би бохийг бүрэн хорих нь арай хэтэрнэ гэж үзсэн. Харин миний дараа Ерөнхий сайд болсон Го Чок Тонг болон түүний хамтран зүтгэгчид 1992 оны нэгдүгээр сараас бохь хэрэглэхийг бүрмөсөн хориглосон. Дэлгүүрүүдийн бүх бохийг хураасны дараа метро, галт тэрэгний асуудал ч багаслаа.


Сингапурт ирсэн гадаадын сэтгүүлчдэд авлига, том гэмт хэргийн талаар мэдээ олддоггүй. Иймээс тэд бидний дээрх кампанит ажлуудын талаар бичиж, Сингапурыг Асрагч-улс (Nanny State) гэж шоолдог. Харин би «Бид л хамгийн сүүлд инээх болно» гэдэгт итгэлтэй байсан юм. Хэрэв бид ард иргэдийнхээ дадал зуршлыг өөрчлөх гэж хүчин чармайлт гаргаагүй бол, тэднийг хүмүүжүүлэн, тэтгэн бойжуулаагүй бол одоо илүү бүдүүлэг, зэрлэг нийгэмд амьдрах байсан биз.

Сингапур ч хүмүүжилтэй, соёлжсон хот болохгүй байсан. Иймээс бид хамгийн богино хугацаанд тийм нийгэмтэй болох оролдлогоосоо ичээгүй юм. Бид хүмүүсийн хүмүүжлээс эхэлсэн. Ихэнхэд нь итгүүлсний дараа зориуд дүрэм зөрчдөг цөөнхийг шийтгэх хууль гаргасан. Энэ бүхний ачаар л Сингапур амьдрахад таатай орчин болон хувирсан даа. Хэрэв үүнийг Асрагч-улс гэдэг юм бол би түүнийг байгуулсандаа бахархаж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.