2020.11.24

М.Оюунчимэг: Ард иргэдэд маск үнэгүй тараах асуудалд анхаарах ёстой

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуулаа:

Юуны өмнө 12-р сарын 1-ээс эхлээд иргэдийн эрүүл мэнд дээр анхаарах, ажилтай орлоготой болгох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж онцгой анхаарч төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй байна. Төсвийн санг эрэмблэх, ирэх 2021 оны 6,7-р сар хүртэл нөөц төлөвлөгөөгөө гаргаж ажиллах хэрэгтэй. Үүнийг Сангийн сайд яаж харж байна вэ?

Бусад улс орнууд ковид-19 туссан хэрнээ үйл ажиллагаа нь жигд явж байна. Маскийг хаа сайгүй үнэгүй тарааж, зээлийн хүүгээ бууруулж байна. ЖДҮ-г дэмжин, ялангуяа олон хүнийг ажлын байраар хангадаг, үйлчилгээний газрууд руугаа анхаарч арга хэмжээ авч явуулснаар цар тахалтай амжилттай тэмцэж, эдийн засаг нь хэвийн, иргэдийн худалдан авах чадвар хэвийн байна. Бидэнд төлөвлөгөө байна уу?

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Бид хийж байгаа ажлуудтайгаа уялдуулаад ямар үед ямар арга хэмжээ авах талаар нэг бүрчлэн төлөвлөгөө гаргасан байгаа. 12-р сарын 1-ээс хойш өвчний тархалт, голомтыг уяж байгаа байдалтайгаа уялдуулаад 1-5 үе шатанд хуваасан байгаа. Энэ үед ямар байгууллага, ямар зарчмаар ажиллах бүх төлөвлөгөө байна. QR код  програм хангамжаар аппликэйшн ашиглан ажиллана.