2020.11.24
Түр хороо "Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай " тогтоолын төслийг дэмжлээ
Улсын Их Хурлын Түр хорооны өнөөдрийн (2020.11.24) ээлжит хуралдаан 12 цаг 17 минутад “Их Хуралдай” танхимд гишүүдийн 60 хувийн ирцтэй эхэлж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах асуудлыг хэлэлцсэн.
“Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Уг тогтоолд,
- цар тахлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын хандивлагч байгууллагаас авсан зээл, тусламжийн зарцуулалтын явц, үр дүнг Улсын Их Хурал /Түр хороо/-д сар тутам тогтмол тайлагнах,
- гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад хуулиудад өөрчлөлт оруулах,
- нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр шийдвэрлүүлэх саналаа Улсын Их Хуралд танилцуулах,
- жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор олон улсын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөд тулгуурласан нэн хөнгөлөлттэй, уян хатан зээл, тусламжийн шинэ эх үүсвэр бий болгох,
уг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус даалгахаар тусгасан байв. Мөн
- иргэд, аж ахуйн нэгжийн банк, банкнаас бусад санхүүгийн байгууллага дахь зээлийн хүүг бууруулах, зээл төлөлтийн хугацааг хойшлуулах болон хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах,
- эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай" 32 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх,
- түлш, шатахуун, мах гурил зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, үнэ хөөрөгдөхгүй байхад чиглэсэн төлөвлөгөөг боловсруулах, нөөц бүрдүүлэх, хэрхэн хангах талаар цаашид авах арга хэмжээний саналаа УИХ-д танилцуулах,
- цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх,
- олон нийтийн сүлжээнд эмх замбараагүй байдалд бусдыг уриалсан, турхирсан мэдээлэлд тавих хяналтыг сайжруулах,
- хөдөө орон нутгаас түр хугацаагаар ирсэн иргэд болон оюутнуудыг шинжилгээнд хамруулан гэрт нь буцаах арга хэмжээг ойрын хугацаанд зохион байгуулах,
- коронавируст халдвар /Ковид-19/-ын вакцин гарсан тохиолдолд эхний ээлжинд худалдан авах талаар олон улсын байгууллагуудтай гэрээ хэлэлцээр байгуулахад анхаарах,
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, эрдэмтэн судлаачдын саналыг харгалзан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн үйлчлэх хугацааг сунгах эсэх талаар саналаа Улсын Их Хурал /Түр хороо/-д хуулийн үйлчлэл дуусахаас өмнө танилцуулах талаар тус тус тусгасан байлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан саналаар санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, найруулгын засч сайжруулан Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.