2020.11.24

Л.Энх-Амгалан: Засгийн газраас авсан 53 арга хэмжээний үр дүнг тодорхой мэдээлж байна уу?

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа:

Иргэдэд мэдээлэл хомс байна. Засгийн газраас гаргасан 23 арга хэмжээ яг хэнд зориулж, ямар үр дүнд, хэнд хүрэх зэрэг нь ойлгомжтой байх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар нийт 53 арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Гэтэл үүнээс хэрэгжүүлсэн хөтөлбөр, зарцуулсан хөрөнгө, үр дүн, алдаа оноо нь юу байв гэдгээ тодорхой мэдээлэх хэрэгтэй байна. Цаашид авах арга хэмжээнүүдээ тооцоо, судалгаа, үнэлгээтэй байлгаарай.

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

УОК-ын мэдээллүүд маш тодорхой байхад анхаарч ажиллаж байна. Төр засгаас явуулж байгаа үйл ажиллагаа ил тод байхад бид анхаарч байгаа. Тодорхой мэдээллүүдийг өдөр тутам өгч, сайжруулж байна. ЭМЯ-аас өгч байгаа мэдээ мэдээллүүдийг та бүхэн харж байгаа. Өнөөдөр илүү хэсэгчилсэн мэдээллүүдийг цаг тухайд нь хүргэдэг. Сэжигтэй тохиолдлуудыг битүүмжилж байна. Өнгөрсөн хавраас Засгийн газраас авсан үр дүнгийн мониторинг хийгдсэн.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нэмэлт асуулт асууж, саналаа хэллээ.