Г.Занданшатар: Бэлчээрийн тухай хуулиар Зөвлөлдөх санал асуулга явуулна
2020.10.05

Г.Занданшатар: Бэлчээрийн тухай хуулиар Зөвлөлдөх санал асуулга явуулна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хөдөө орон нутагт ажиллаж буй томилолтынхоо хоёр дахь өдөр Завхан аймгийн Алдархаан, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зочилж, иргэдтэй уулзалт хийн, санал хүсэлтийг нь сонслоо. 

УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар ажиллалаа.

Уулзалтын үеэр УИХ-ын үйл ажиллагаа, бодлого, зорилт, ойрын үед хэлэлцэн батлахаар төлөвлөж буй хууль тогтоомжийн талаар танилцуулсан юм.

Тэрбээр ирэх 4 жилд улс орноо сэргээн мандуулж, хурдацтай хөгжлийн замд гарах, тогтвортой өсөлтийг хангах төлөвлөлттэй эдийн засаг, иргэнээ дээдэлсэн, хариуцлагатай, хяналттай, ёс зүйтэй төр, хууль засагласан, шударга ёс тогтсон, эрүүл нийгмийг төлөвшүүлэхийг Монголын төр, засаг эрхэм зорилгоо болгож байгааг онцолсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийн асуултад хариулах үеэрээ Бэлчээрийн тухай хуулийн төслөөр малчин иргэдийг оролцуулсан Зөвлөлдөх санал асуулгыг ирэх арваннэгдүгээр сард УИХ-аас зохион байгуулахаар төлөвлөж буйг мэдээлээд, мал сүргийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаа ч бэлчээрийн даац хэтэрч, нутаг ус булаацалдсан маргаан гарах болсон тул бэлчээрийн хураамжтай болох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэхэд уулзалтад оролцсон малчид дэмжиж байгаагаа илэрхийллээ.  

Алдархаан сум Монгол Улсын анхны сумдын нэг бөгөөд аймагтаа хүн амын тоо, эдийн засгийн бусад үзүүлэлтээрээ Тосонцэнгэлийн дараа ордог томоохон сум юм.

Тиймээс 2019 онд тус суманд “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Сумын төв дотор ариутгах татуурга, дулаан, ус хангамжийн 4.0 км гаруй шугам сүлжээ татаж, шинээр 1.6 км засмал зам тавьжээ. Бүтээн байгуулалтын санхүүжилт 60 хувьтай, ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа юм байна.

Дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг айл өрхөд хүргэх, сумын төвөө шинэчлэх бүтээн байгуулалтын ажилд иргэдээ татан оролцуулах, хийж байгаа бүхий л ажилд тэдний санал бодлыг тусгаж, бүх талын оролцоог хангаж ажиллахыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар санууллаа.

Булган аймгийн Хутаг-Өндөр сум бол Ардын Хатанбаатар Магсаржавын өлгий нутаг, 5000 гаруй хүн амтай, Монгол орны хойд бүсийн аялал жуулчлалын төв зам дагуу оршдог, томоохон суурин газар юм.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдээсээ эхлээд төрийн нийт албан хаагчдын ёс зүйд онцгой анхаарч, энэ намрын чуулганаар УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг батлахаар төлөвлөж байна гэв.

Түүнчлэн аймаг, сум бие даан хөгжих боломжийг олгосон, төвлөрлийг сааруулж, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх агуулгатай Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх байдлын тухай хуулийг хэлэлцэх гэж байгааг мэдээлж, иргэдийг хуулийн төсөлд саналаа өгөхийг уриалав.

Мөн улс орноо үйлдвэржүүлэх болон халамжаас бүтээмж рүү шилжих бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг  энэ Их Хурал онцгой чухалд тооцож байна гэлээ.

Хутаг-Өндөрийн иргэдийн тавьсан санал хүсэлтийн дагуу:

  1. Сургуулийн дотуур байр, хүүхдийн цэцэрлэг шинээр барих хөрөнгийг төсөвт суулгах;
  2. Сум дундын эмнэлэгт зайлшгүй шаардлагатай лаборатори, шинжилгээний тоног төхөөрөмжийг ирэх оны эхний улиралд багтаан олгох зэргээр хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.