Н.Ганибал: Малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хянаж чадаж байна уу?
УИХ-ын өнөөдрийн \2020.10.02\ үдээс хойших чуулганы хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал байр сууриа хэллээ.
ХАА салбарт сүүний урамшуулал, махны квот гээд гарч байгаа сайн бодлогууд байна. Бүхнийг буруутгах, үгүйсгэх шаардлагагүй.
Гэхдээ бид дэлхийд махаа үнэ, цэнэтэй болгохын тулд хэдэн асуудал байгаа юм. Малын шилжилт хөдөлөгөөнийг хянах ёстой юм. Хууль нь ч гарсан. Тэгэхээр энэ ажил ямар явагдаж байна вэ? Өнөөдрийн байдлаар зүүн 3 аймагт бусад аймгаас яг хэдэн мал шилжиж орж ирсэн вэ гэдгийг хянаж чадаж байна уу? асуумаар байна. Хэрэгжихэд ямар хүндрэл байна вэ? Хэрэв бид энэ процессийг хянаж чадах юм бол зөвхөн нэг улс руу биш дэлхийн бусад улс руу махны экспорт хийх боломжтой.
ХАА салбарт ингээд хэлбэл олон асуудал байна. Өнөөдөр хивэгний экспортыг зогсооно гэж орж ирсэн байна. Бид нар нэг чөтгөрийн тойрогт яваад байгаа юм. Өнгөрсөн жил Засгийн газар махны экспортыг зогсоосны горийг өнөөдөр бид амсаад байж байна. Яг л эргээд хивэгийг хорихоор ороод ирж. Би энэ чөтгөрийн тойргоосоо гармаар байна. Зоригтой, зоримог шийдвэр гаргаад явмаар байна.