Сэлэнгэ мөрнөөс салбарлуулан 17 км урт усалгааны суваг, сумын төвөөс 13 км өндөр хүчдэлийн шугам татаж, 1500 га талбай услах хүчин чадал бүхий 10 цогц бороожуулагч төхөөрөмжийг ашиглалтад оруулж, усалгааны системийг бүрэн автоматжуулсан байна.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа
Үхрийн аж ахуйг хөгжүүлэхэд бэлчээрийн асуудал хүндрэлтэй байдаг.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбямцогт, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, С.Ганбаатар нар (2020.09.30) Сэлэнгэ аймгийн Цагааннуур суман дахь “Гацуурт” ХХК-ийн газар тариалан, мал аж ахуйн төв Сайхантолгой салбарт ажиллаж, 2020 оны хүнсний ногоо, үр тарианы ургац хураалт, эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа.
“Гацуурт” компанийн захирал Л.Чинбат гишүүдэд хөдөө аж ахуйн нэгдсэн лаборатори, үр тарианы төрөл, гарал үүсэл, тариалалтын тухай, ХАА-н техник, тоног төхөөрөмж, хүчин чадлын талаар танилцуулж, санал бодлоо солилцсон юм. Монголдоо анхдагч бүрэн автомат үр цэвэрлэх үйлдвэр, хүнсний ногооны агуулах, махны үйлдвэр, хүнсний ногоо, үр тариа, дарш тэжээлийн ургамлын тариалалт, мал аж ахуйн хэсэг, үржил селекцийн төвийн үйл ажиллагааг танилцуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтад гарч байгаа хүндрэл бэрхшээлийг хэллээ. Нийт 50 га эргэлтийн талбайтай тус компани намрын ургац хураалтаа хийж байхтай нь таарсан. Нэг га талбайгаас 50 тонн лууван хураадаг. Байцаа, төмс, лууван, сонгино, сармисыг сортоор тарьж ургуулах нь удаан хадгалахад тохиромжтой байдаг гэлээ. Мөн халтар арвай, хөх тариа, маалинга, рапс, улаанбуудайг Цагааннуур, Түшиг, Шаамар, Хушаат сумдад тариалж байна.
“Гацуурт” компани нь МАА-н салбартаа түшиглэн мах бэлтгэх, боловсруулах үйлдвэрийг 2010 онд ашиглалтад оруулсан аж. Нийт 10 мянган үхэртэйгээс жилдээ 2000 үхэр зах зээлд борлуулдаг юм байна. Махны үйлдвэр нь БНХАУ-ын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон хоногт 100 бод, 200 бог мал нядлах хүчин чадалтай. Ангилах болон мах, дайвар бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах иж бүрэн, хамгийн сүүлийн үеийн мах загсаах, сэврээх зориулалтын хөргөлтийн систем бүхий цехтэй, үйл ажиллагааг нь бүрэн электрон системээр хянах боломжтой үйлдвэр юм байна. Л.Чинбат захирлын хувьд тариаланчдад тарьсан ногоогоо агуулах сав, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байгааг хэлсэн. Харин үхрийн аж ахуйг хөгжүүлэхэд бэлчээрийн асуудал хүндрэлтэй байгааг хэлж байлаа.
“Газар агро” үхрийн тэжээлийн ургамлаа шинэ технологиор бэлтгэн хадгалж байна
Харин “Газар агро” ХХК 2012 оноос эхлэн хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 2015 оноос Монголын байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицож нутагшсан махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн генефондыг хамгаалах, герефорд үүлдрээр сайжруулан, ашиг шимийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч өсгөн бойжуулж малчдад бэлтгэн нийлүүлэх зорилгоор мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Жилдээ 2000 га талбайд үр тариа тариалдаг. Үүний 80 хувьд нь улаанбуудай, 20 хувьд нь тэжээлийн ургамал тарьж үхрээ тэжээдэг. Нийт 2000 орчим үхэртэйгээс жилдээ 450 үхэр тугалж, мөн 500 үхрийн мах бэлтгэн зах зээлд нийлүүлдэг гэлээ. Хүндрэлтэй асуудал нь тариалангийн бүст мал орох, мөн үхрээ бэлчээрлүүлэхэд хүндрэлтэй байдаг талаар компанийн удирдлагууд хэлж байсан юм. Малчид бэлчээрийн маргаан үүсгэдэг учраас үхрээ хилийн бүс нутагт оторт явуулж, 11 дүгээр сард ферм дээрээ авчирч тэжээдэг. Нэг үхэр хоногтоо 6 кг өвс иддэг байхаар тооцоолж, хадлан тэжээлээ бэлтгэдэг аж.
“Арвин хур” компани хөрс сэргээлтэд онцгой анхаарснаар ургацын гарц сайн байгаа гэв
“Арвин хур” ХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт газар тариалангийн үржил шимт хөрс бүхий Боонгийн тохойд усалгаатай тариалангийн үйлдвэрлэл эрхлэх зорилготойгоор 1721 га тариалангийн талбайд 2005 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Тариалангийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, хөрсийг сэргээхэд онцгой анхаарч уриншгүй технологийг 2012 оноос шат дараатайгаар нэвтрүүлж, амжилттай нутагшуулснаар 4000 га тарилангийн талбайг жил бүр 100 хувь эргэлтэд оруулж улаанбуудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж га-гаас 20-30 цн, усалгаатай талбайгаас 30-40 цн ургац авч байгааг дуулгав.