Г.Занданшатар: “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн эцэг өвгөдийн сургаалын мөн чанар Үндсэн хуульд хатуу чанд мөрдөгдөж байгаа
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр өндөрлөлөө.
Энэ удаагийн ээлжит бус чуулганаар бие даасан 5, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 23 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоол баталж, тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж өндөрлөж байна хэмээн УИХ-ын дарга чуулганы хуралдааныг хааж хэлсэн үгэндээ онцолсон юм.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХААЖ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ
Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, бие даасан 5, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 23 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоол баталж, өндөрлөж байна.
Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын 2020 оны төсөв, дагалдах хуулиудад өөрчлөлт оруулан тодотгож, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Түүнчлэн 2019 оны төсвийн гүйцэтгэл, Нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай зэрэг хуулийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Товчхондоо Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн ойрын 5 хүртэлх жилийн үзэл баримтлал, бодлого, чиглэлийг тодорхойлон тогтоолоо.
Хоёр 7 хоногийн хугацаанд цагийг сайн баримталж, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд ажил хэрэгч, идэвх санаачилгатай оролцон, хууль тогтоомжуудыг амжилттай баталсан УИХ-ын Эрхэм гишүүд, Ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье.
Улсын Их Хурал Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийхдээ тэвчиж болох зардлыг аль болох танах, үр ашиггүй зардал гаргахгүй, ирэх оны төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх, төсвийн сахилга батыг чанд сахих зарчмыг баримталсан.
Төсөв, санхүүгийн чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэрийг 2020 оны төсвийн тодотголд тусгасан. Тухайлбал, 0-18 насны 1.2 сая хүүхдэд сар бүр 100.0 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэн олгож, халамжийн тэтгэвэр авагч 60.0 мянган иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 13.3 мянган хүүхдэд олгох тэтгэмжийг тус бүр 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн энэ онд олгохоор боллоо.
Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой 105.0 мянган аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлж, түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн 2020 ондоо багтаан 47 сургууль, 62 цэцэрлэг, 27 дотуур байр, 4 спорт цогцолбор, 12 спорт танхим, 41 эмнэлэг, эрүүл мэндийн төвийн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.
“COVID-19” цар тахлын улмаас дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралт байдал, үүнээс үүдэн Монгол Улсын дотоодод үүсэн бий болсон хүндрэл бэрхшээл, төсөвт үүссэн алдагдал, ирэх он жилүүдэд төлөх өр, зээлийн үлдэгдэл зэргийг тооцож үзвэл ойрын 2-3 жил амаргүй сорилтын үе байх нь тодорхой.
Дэлхий даяар эдийн засаг хямарч, төсвийнх нь алдагдал нэмэгдэж байна. Манай улсын хувьд цар тахлын эсрэг нийгэм, эдийн засгийн шат дараалсан арга хэмжээг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага руу чиглэсэн дэмжлэг, тусламж, нийгмийн даатгалын шимтгэл, албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд нийт 1.9 их наяд төгрөг зарцуулаад байгаа ч цаашид нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байна.
Тиймээс ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан хуулиудыг ягштал мөрдөх, төсвийн сахилгыг хэлбэрэлтгүй сахих нь нэн чухал болоод байна. Төрийн байгууллагын бүх шатанд хэмнэлтийг эрхэмлэж, захиргааны шинжтэй зардлыг бууруулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, үр ашгийг дээшлүүлэх, хувийн хэвшлээ дорвитой дэмжих замаар эдийн засгаа тэтгэх шаардлагатай боллоо.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт, хөрөнгө зардал шаардагдах нь мэдээж. Асуудал амаргүй байна гээд халирч шантралгүйгээр ирээдүйгээ харж, идэвх чармайлт гарган, бүтээлчээр хандвал хэрэгжих бүрэн боломжтой. Хүндрэлийг даван туулах, боломжийг бодит ажил хэрэг болгох үүрэг даалгаврыг ард түмнээсээ бид авсан, амласнаа хэрэгжүүлж байж ардынхаа итгэлийг олно гэдгээ хэрхэвч мартаж болохгүй.
Ээлжит бус чуулганаар Зээлийн хүүг бууруулах 4 стратегийн хүрээнд авах арга хэмжээнүүдийг тодорхойлон баталлаа. Зээлийн хүүг багасгах ёстой гэдэгт ард иргэд, банкны салбарынхан, төр засаг ч санал нэгдэж байгаа. Иргэдийн хийгээд аж ахуйн нэгжийн хувьд тулгамдсан, хүсэн хүлээсэн банкны тогтолцоог шинэчлэх, банкны зээл нь бизнес эрхлэгчдэд дарамт биш, дэмжлэг болдог байхын тулд зээлийн хүүг бууруулах Стратегиа цаг алдалгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал байна.
Намрын чуулган эхлэх үед зээлийн хүү бууруулах чиглэлээр бодитой арга хэмжээ авсан байхыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, холбогдох бусад байгууллагуудад үүрэг болгож байна.
Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ажил хэрэг болгож, бүрэн утгаар нь хэрэгжүүлэх ажил Та бидний томоохон зорилтын нэг юм. “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 2-р тогтоолыг хэрэгжүүлж, эрх зүйн шинэтгэл хийх ажил хийгдэж эхэлсэн ч илүү хурдтай ажиллах, хугацаа алдахгүй байх зайлшгүй шаардлага үүсэж байна.
Тиймээс жагсаалтад багтсан хууль тогтоомжуудын төслийг намрын чуулганд багтаан боловсруулж дуусгах, хэлэлцэн батлах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Их Хурлын Тамгын газар, Ажлын хэсгүүд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, төслийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, бэлэн болгох хэрэгтэй байна. Шүүхийн тухай багц хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг эрх зүйн хүрээнд хийх олон шинэтгэлүүд биднийг хүлээж байгаа.
Үүний хамт Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэд, олон нийтэд сурталчлах, ач холбогдол, агуулгыг тайлбарлан таниулах чиглэлээр Улсын Их Хурлын гишүүдээс эхлээд үүрэг хүлээсэн Засгийн газар, бусад байгууллагууд идэвх чармайлт гаргаж ажиллах хэрэгтэй байна.
Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг санаатай, санамсаргүйгээр гуйвуулах, олон нийтийг төөрөгдүүлж, улс төрийн ашиг хонжоо хайх явдал гарч байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг мушгиж, эх орныхоо газар шороо, байгалийн баялгийг төр, ард түмний өмчлөл, хяналтаас гаргаж, гаднынханд худалдах, өмчлүүлэх боломж бүрдүүлсэн мэтээр зориудын, зохион байгуулалттай үйлдлийг зарим улс төрийн нам, хэсэг бүлэг хүмүүс хийж байгааг эрс буруушааж байна.
“Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн эцэг өвгөдийн сургаалын мөн чанар Үндсэн хуульд хатуу чанд мөрдөгдөж байгаа. Үндсэн хуулийн 6-р зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол эх орны маань газар нутаг, байгалийн баялаг нь төрийн хамгаалалт, ард түмнийхээ мэдэлд байж, зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, эзэмших-ашиглах үйл ажиллагаанд хяналт тогтоож, ард түмнийхээ мэдэх эрхийг баталгаатай хангах, стратегийн ордыг ашигласнаас олох орлогын өгөөжийн дийлэнх хэсэг нь Үндэсний баялгийн санд хуримтлагдаж, хөгжлийн зорилтод зарцуулагдах, ард түмэнд тэгш, шударга хүртэж байх зарчмыг тунхагласан юм.
Энэ зарчим дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн заалтаас илүү юү гэхээс дутуугүй чухал агуулгаар манай Үндсэн хуульд туссан гэж эрдэмтэн судлаачид санал нэгтэй үзэж, дүгнэж байхад ийнхүү гуйвуулах нь Үндсэн хуульт байгуулалд халдахыг оролдсон гэмт үйлдэл гэж үзэх ч үндэстэй.
Энэ 6-р зүйлтэй холбогдон, дагаж гарах Ашигт малтмалын тухай, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай, Газрын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг хуулиудын өөрчлөлтийг нэн даруй хийх, Ажлын хэсэгт улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулан, нухацтай хэлэлцэн батлах ёстой гэж үзэж байна.
Эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “COVID-19” цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг татан авах асуудлаар Шадар сайдын мэдээллийг сонссон.
Иргэнээ дээдлэх нь төрийн үүрэг. Хорио цээрийн улмаас гадаадад гацаж, хөрөнгө санхүү, амьдрах орон байр гээд олон төрлийн гачигдалд өртөж, эх орондоо ирэх, оршин суух Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байгаа иргэдээ авчрах ажлыг эрчимжүүлэх, гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр санаачилга гаргаж, илүү идэвхтэй ажиллахыг Засгийн газар, Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисст даалгаж байна.
Чингэхдээ дотооддоо халдвар тархаахгүй байх бүх талын арга хэмжээ авч, боломж нөөцөө бүрэн дайчилж ажиллах шаардлагатай.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Ээлжит бус чуулган өндөрлөж байгаа ч удахгүй УИХ-ын намрын чуулган эхэлнэ.
Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, энэ удаагийн ээлжит бус чуулганаар цаг үеийн шаардлагаар яаралтай шийдэх цөөн асуудлуудыг хэлэлцэн баталсан. Ирэх намрын чуулганаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралын олон талыг хамарсан өргөн хүрээтэй асуудлууд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” чухал ач холбогдолтой томоохон хуулиудыг хэлэлцэнэ.
Өөрөөр хэлбэл ачаалал ихтэй, үр дүн шаардсан, шинээр бүрдсэн Улсын Их Хурал, гишүүд бидний оюун ухаан, мэдлэг чадварыг сорьсон чуулган болно.
Иймээс ээлжит чуулганы бэлтгэлийг сайтар хангах нь чухал юм. Түүнчлэн орон нутгийн сонгууль, хичээлийн шинэ жил, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл зэрэг цаг үеийн, шил шилээ дарсан олон чухал ажлуудыг мэргэжил, удирдлагын өндөр түвшинд зохион байгуулж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагуудад чиглэл болгож байна.