Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.28) хуралдаан 11 цагт гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан байгааг Байнгын хорооны дарга Б.Жавхлан дурдлаа.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, нүүрсний экспортын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол төсвийн алдагдлыг цаашид өрөөр санхүүжүүлэх магадлалтай гэдгийг хэлээд ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 62 хувиас 56.5 хувь бууруулах зохицуулалт, төсвийн алдагдлын хэмжээтэй уялдах эсэхийг тодруулж хариулт авав. Нөгөө талаар ДНБ-ий хэмжээ буурах магадлал бий учраас дээр зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсэв.
Коронавируст цар тахлын нөлөөллөөс үүдэн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль дахь шаардлага, үзүүлэлтүүдийг нэг жилээр хойшлуулж байгааг Ч.Хүрэлбаатар сайд тайлбарласан. Мөн өрийн дарамтыг бууруулах чиглэлд ирэх жилээс эхний бондын төлбөр болох 2.9 тэрбум ам.долларын төлнө. Үүнийгээ дунд хугацааны өрийн стратегиар тодорхой хэсгийг хуримтлалаас, үлдсэн хэсгийг бонд гаргах замаар шийдэхээр төлөвлөөд байгаа гэв. Бондуудыг олон улсын зах зээлээс тусламж, дэмжлэг хэлбэрээр буюу зарим нь 15 жил, ихэнхдээ 30-40 жилийн хугацаатай, 0-2 хувийн хүүтэйгээр санхүүжүүлж байгаа учир өнөөгийн үнэ цэнээр буурна гэж тооцсон гэв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан хуульд заасан үндэслэлээр санал гаргах гишүүн бий эсэхийг Байнгын хорооны дарга тодруулсан. Гишүүдээс санал гараагүй тул Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.