Эрүүл мэндийн даатгалаар фитнессд явах журам цуцлагдана гэв
Өнөөдөр /2020.08.21/ УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар 2020 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн сайдын багцад шилжүүлсэн явдлыг шүүмжилж фитнесс төвүүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журмыг цуцалсантай холбогдуулан асуулт асуулаа.
С.Одонтуяа: Даатгалын сангийн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль дээр орлого нь 506, зарлага нь 494 тэрбум байна. Өмнөх оны үлдэгдэл болон 557 тэрбум төгрөгтэй мөргөөд дахиад 2020 оны эцэст 500 тэрбум үлдэнэ гэж ойлгож болох уу?
Эрүүл мэндийн сайдаас асуух зүйлс байна. Тухайн эмнэлгийн эмч, сувилагч сайн ажиллавал ТУЗ ярилцаад урамшууллыг шийдэх нь зөв. Арав, хорин жил ажилласан сувилагчдаа алдмааргүй байхад тухайн ажилтан Солонгос явж амьжиргаагаа дээшлүүлэх эсвэл хувийн эмнэлэгт ажиллахаар болдог нь үнэн. Ер нь эмнэлгүүдийн ТУЗ-үүд хэр ажиллаж байгаа вэ? Мөн чадварлаг резидент эмчүүдийг авч ажиллуулах сонирхолтой байвал ТУЗ нь ярилцаад уримшуулал, цалин олгох боломж байгаа юу?
Мөн фитнесс төвүүдийг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх журмыг баталснаа мөнгөгүй гээд хасах хэрэг үү? Халдварын өвчлөл бууртал нийгмийн эрүүл мэнд, спорт гэдэг зүйлийг сурталжилж ойлгуулахын тулд энэ заалт 3-5 жил хэрэгжвэл зүгээр байна.
Эрүүл мэндийн даатгалыг өмнөх парламент Эрүүл мэндийн сайдын багцад оруулсан нь буруу болсон. Бусад орны жишгийг харахад улсын эмнэлэг гэж бараг байхгүй улс нь дандаа даатгалыг нь Эрүүл мэндийн сайдын багцад оруулсан улс байна. Манай улсын хувьд дийлэнх нь улсын эмнэлэг. Тусламж үйлчилгээ үзүүлдэг худалдагчид, үйлчилгээний газрынх нь эзэнд нь мөнгийг нь хадгалуулж байна гэсэн үг. Хянаж байх ёстой.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
Эрүүл мэндийн даатгалын санг Тэтгэврийн даатгалын сангаас салгасан нь зөв. Тэтгэврийн даатгалын сан нь хуримтлагддаг бол Эрүүл мэндийн даатгалын сан зарцуулагдаад явдаг. Ингээд эрүүл мэндийн салбарын бодлого, хэрэгжилтийг хангадагийн хувьд Эрүүл мэндийн сайдын багцад оруулсан. Яг өнөөдрийн нөхцөл байдлын хувьд зөв гэж үзэж байна.
Фитнессийн санхүүжилтийг хассан. Бид фитнессийг эрүүл мэндийн үйлчилгээ гэдэг талаас хараагүй. Сангийн зарцуулалтыг өвчин, эмгэгтэй холбоотой асуудалд анхаарах талаас хандсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг тултал ашиглах шаардлага тавьж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
ТУЗ-үүд гурван эмнэлэг дээр байгуулагдсан нь үр дүнгээ өгч байна. Улсын 1-р эмнэлэг төв эмнэлэг ажилчдынхаа цалин урамшууллыг нэмэгдүүлээд эхэлсэн байгаа. ТУЗ болон гүйцэтгэх захирлуудад цалингийн хэмжээг хийсэн гүйцэтгэлээр үнэлж өгдөг болгох системийг бий болгож байна.
Резидент эмч нарын цалингийн хувьд Эмнэлгийн тусламжийн тухай хуульд орсон учираас ирэх оны төсөвт цалинтай болгох асуудлыг суулгасан.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар салбарын яамны харъяанд орсноор ололт дэвшилтүүд гарсан. Эмнэлгүүд хагас бие даасан байдалд үе шаттайгаар шилжиж байна.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын газар бол худалдан авагч биш. Эмнэлгүүд улсын болон хувийн эмнэлгүүд худалдан авагч болж, Эрүүл мэндийн яам нь хяналт тавих тогтолцоо руу орж байгаа учир үүнийг зөв гэж үзэж байна.