2020.08.21
Л.Энх-Амгалан: Нийгмийн халамж, нийгмийн хамгааллын бодлого нь тусдаа ойлголт юм
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
“Энэ жилийн хувьд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу л байдал үүсээд байна. Төсвийн алдагдлыг 9,9 гэж зарлахаар эргээд макро эдийн засаг болон гадаад эдийн засагт ямар эрсдэл үүсэхийг сайн тооцох ёстой. Алдагдалтай уялдуулан өрийн хэмжээ нэмэгдэж, тааз нэмэгдэж байгаа. Угтаа бол төсвийн тодотголтой хамтаар нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг оруулж, өрийн стратегитай уялдуулж ямар өөрчлөлт хийх гэж байгаа зэргийг хамт оруулж ирэх хэрэгтэй байж гэж бодож байна.
Нийгмийн халамжийн тухай хуульд тусгасан төсвөөс санхүүжүүлэх халамжийн хэмжээ нийт 6 их наяд байна. Цааши 824 тэрбум, 890 тэрбум гээд явж байна. Бараг их наядад хүрч байна. Цаашид хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг нийгмийн халамжаас өөрөөр авч үзмээр байна. Нийгмийн халамж, нийгмийн хамгаалал нь тусдаа ойлголт юм. Хүүхдийн мөнгөн дээр сар бүр 120 тэрбум ороод ирэхээр төсвийн алдагдал зарлага нэмэгдээд байгаа юм. Үүнийг бодлого хийдэг байгууллагаар хамтран асуудлыг өөрчлөх ёстой гэж ойлгож байна.
Монгол Улсад их том боломж байна. Жишээ нь өнгөрсөн хугацаанд төсвийн тодотгол ярьж байхад НД, ЭМД-ийн санд тус бүр 500 тэрбум төгрөг банкуудад байна. Гэтэл бид нөгөө талдаа зээлийн хүү бууруулна гээд байдаг. Нөгөө гараараа хамгийн өндөр хүүтэй банкинд сангийн мөнгийг байршуулна гэсэн байдаг. Нийлүүлэхээр 1 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгө байгаа юм. Хуулиараа Засгийнэ газрын үнэт цаасанд хөрвөх энэ тэр гэсэн боломж банкинд байршуулахаас өөрөөр байна. Эдгээр боломжуудыг 2020-2021 оны төсөвт орлого зарлага талдаа шийдэх боломж харагдаж байна.
Түүнчлэн төрийн өмчит компаниудын асуудал байна. Нийт 500 гаруй компаниас 300 орчим нь дандаа алдагдалтай. Энэ нь 380 тэрбум гаруй болсон байна. Эрдэнэт, Эрдэнэс Монголыг хасвал бусад нь алдагдалтай байна. Эдгээр төрийн өмчид байгаа олон компаниудад ийм цаг үед санхүү хөрөнгийн менежмент хийх бодлого явуулахгүй бол зүгээр толгойг нь илээд өнгөрч болохгүй. Үүнийг олж хараад хийсэн тооцоо судалгаа байна уу?”
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.