Эрхэм гишүүдэд зориулсан хоёр дахь сургалтыг зохион байгууллаа
2020.07.02

Эрхэм гишүүдэд зориулсан хоёр дахь сургалтыг зохион байгууллаа

Шинээр байгуулагдсан 8 дахь удаагийн парламентын шинэ гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Өмнөх сургалтад МАН-аас сонгогдсон гишүүд оролцсон бол энэ удаагийн сургалтад Ардчилсан Намаас сонгогдсон гишүүд хамрагдав.

Сургалтаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, дэгийн онцлог зохицуулалтууд, Улсын Их Хурлын хууль тогтоох болон хянан шалгах үйл ажиллагаа, УИХ-ын гишүүний ёс зүй, төсөв, хангамж, үйлчилгээ, Төрийн ордны эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Дотоод аудитын албаны дарга, захиргаа аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Баттогтох, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Х.Ууганбат нар танилцуулга, мэдээлэл хийв. Мэдээлэл, сургалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Туваан, Н.Ганибал, Б.Бейсен, О.Цогтгэрэл нар асуулт асууж, хариулт авлаа.

Сургалтад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат болон УИХ-ын Тамгын газрын холбогдох хэлтсийн дарга нар оролцов.