Завханчууд “Шинэ хүн, Шинэ бодлого, Шинэ ирээдүй”-г дэмжиж байна
УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар өнөөдөр Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумын иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. УИХ-д ямар хүнийг төрийн түшээгээр сонгогдоосой гэж хүсэж байна вэ гэсэн судалгаагаар Завхан аймгийн иргэд сонгогчид шинэ хүн, шинэ бодлого, шинэ ирээдүйг хүсэж байна. Тэр дундаа шударга, ёс зүйтэй, нутаг орноо гэсэн чин сэтгэлтэй хүнийг сонгох хүсэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан нь Завханчууд залуус ихтэй бөгөөд нутаг орондоо ая тухтай сурч боловсрох, залууст ээлтэй, таатай орчныг хүсэмжилж байгаа нь харагдаж байлаа.
Иргэд сонгогчидтой хийсэн уулзалтад Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумын 300 гаруй иргэдийн төлөөлөл ирж оролцлоо. Нэр дэвшигчид МАН-ын мөрийн хөтөлбөрийг танилцуулж, Монгол Улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон цаашид нутаг оронд нь хэрэгжих төслүүдийг талаар ярилцлсан юм.
УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Баярсайхан: “МАН-ын мөрийн хөтөлбөрийн гол суурь болсон 5 зарчмын нэг болох ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО нь бүхэлдээ монгол төр хүнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдрах орчин, амьжиргааны түвшин, хүүхэд багачуудын сурач боловсрох нөхцөл боломж гэх зэрэг хүн төвтэй цогц бодлого болсон. Тэр дундаа төвөөс алслагдсан орон нутгийн хүүхдийн сурч боловсорч, амьдрах таатай орчинг бүрдүүлэх чиглэлд миний гол анхаарал чиглэсэн бөгөөд сурагчийн дотуур байрны нөхцөлийг ирэх 4 жилд бүх орон нутагт сайжруулах зорилт тавиад байна. Хүнээ эрхэмлэн дээдэлсэн улс хөгжлийн дээдэд хүрдэг. Үүний тулд сайн хүн, сайн Монгол иргэнийг бид өсгөн хүмүүжүүлэх ёстой. Энэ бүхнийг сайн боловсролын ттогтолцоо бий болгож чадна. Тиймээс багшийн ажиллах нөхцөлд ч анхаарлаа хандуулсаар байна.”
Шилүүстэй сум нь Ахуйн үйлчилгээний төв, 12 жилийн ЕБС, сум дундын эмнэлэг байдаг сум тул эдгээр нэгдсэн үйлчилгээг сайжруулан, тус бүр шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай байгааг тус сумын иргэд хэлж байлаа. МАН-ын хөтөлбөрт иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд оруулахаар тусгасан. Тиймээс Шилүүстэй суманд байгаа сум дундын эмнэлгийг шаардлагатай техник хэрэгслээр хангаж, төвөөс алслагдсан багуудад малаа даган амьдарч байгаа малчдын эрүүл мэндэд төрөөс үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм.
2019 онд Шилүүстэй суманд БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар 100 ортой цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан бөгөөд нэр дэвшигч Б.Баярсайхан салбарын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ тус цэцэрлэгийн барилгыг захиалж, гүйцэтгэлд нь хяналт тавин ажилласнаар цаг хугацаандаа ашиглалтад орсон юм. Ингэснээр Шилүүстэй сумын бяцхан иргэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болсон юм.
Цагаанчулуут сум нь нэр дэвшигч Ц.Цэрэнпунцагийн төрсөн нутаг билээ. Тэрээр аад, ээжийн энтэй ахмад буурлуудтай уулзсандаа талархаж буйгаа илэрхийлээд төрсөн нутгийнхаа хөгжил, шинэчлэлийн төлөө У.Хүрэлсүх Ерөнхий сайдын илгээсэн хүмүүсийг багаар нь дэмжихийг нутгийн зон олноосоо хүслээ.
МАН-аас нэр дэвшигчид уулзалтаа хаяа дэрлэн орших Цагаанхайрхан суманд үргэлжлүүлсэн бөгөөд нутгийн иргэд 2 түшээгээ хүндэтгэн хүлээн авсан юм. Олон жил хүлээж байсан нутгийн унаган 2 хүнээ багаар нь дэмжин гаргах болно гэдгээ тэд хэллээ.
Энэ удаагийн сонгууль бол сүүлийн 30 жилийн төр нийгэмээ дүгнэн цэгнэх, цаашид хэрхэн хөгжих вэ гэдгээ тодорхойлох чухал цаг үед болж байна. Тиймээс уулзалтад ирсэн иргэд шинэ хүн, шинэ бодлого хэрэгжүүлэх чадварлаг хүмүүсээ ялалтад хүргэн, Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлж байсан юм.
Ийнхүү Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сум бүрт хийсэн уулзалтын төгсгөлд Улс төрийн ууган хүчин МАН-д тус сумдаас шинээр элсэж буй залууст намын гишүүний үнэмлэх гардуулсан юм.