С.Эрдэнэ: Бид 2012-2016 онд 21 аймгаа хатуу хучилттай замаар холбоно гэсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн
Ардчилсан намын даргын хувьд мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар хөдөө, орон нутгийн иргэдтэйгээ уулзаад явж байна.
"Бид 2012-2016 онд 21 аймгаа хатуу хучилттай замаар холбоно гэсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлснийх нэг аймгаас нөгөө рүү хүрэхэд ихдээ л хагас өдөр зарцуулдаг болжээ. Харин хуучин цагт ийм байгаагүй дээ" гэж бодохын далимд нэгэн дурсамж санаанд буулаа.
1990-ээд онд Өвөрхангайгаас Баянхонгор орно гэдэг жолооч нарын "шандас", тэвчээр шалгасан ажлын нэг байлаа. Тэр үед Багшийн дээдийн гуанзыг ажиллуулж олсон ашигаараа нэг ЗИЛ-130 худалдаад авчихсан түүгээрээ гурил, будаа, элсэн чихэр ачиж Баянхонгорын талх, нарийн боовны цех, гуанзуудад тарааж өгөөд үхрийн шир, хонины нэхий цуглуулж ачаад буцдаг байв. Туслах ажилтан, ачигч ч гэж байх биш өөрөө ачиж буулгасаар цагаан гуриланд будуулж, арьс, нэхий үнэртүүлсэн "нөхөр" л явна. Ингээд хонины нэхий, үхрийн ширээ Дархан оруулж борлуулчихаад Нөхөрлөл САА дахь өвөлжөөнөөсөө хэдэн хонь ачиж Багшийн дээдийн гуанзандаа буулгаад, нэг хувцсаа сольж, усанд орж аваад л хуушуур хийгээд зогсдог байв.
Ийм байдлаар 2 жил гаран ажиллаад Улаан-Үүдээс мод оруулж ирж заран, Германаас машин "хөлөөр" нь зөөсөөр 1996 он хүргэж, одоо ээж, гэр бүлийнхэн минь эрхлэн явуулж байгаа бизнесийн эхлэлийг тавьж байжээ.
Тухайн үед "Хамт спирт зөөе, уурхай байгуулъя" гэсэн санал их ирдэг байсан ч аавын минь "Миний хоёр хүү хичнээн ядарсан ч архи үйлдвэрлэж бусдыг бүү хорлоорой, газар сэндийлж эх орноо битгий сүйтгээрэй" гэсэн захиас амьдралын минь хамгийн үнэтэй зарчим болсон учраас манай гэр бүлийнхэн төдийгөөс өдийг хүртэл ийм төрлийн бизнес хийсэнгүй, цаашид ч үр хүүхдүүд минь хийхгүй биз ээ...
Тухайн үед энхэл донхолтой замаар өдөр шөнөгүй давхин, хүний нутагт амь насаа алдахаас наахнуур дээрэмчдээс зугтаж "босгосон" гэр бүлийн бизнес маань одоо 200 гаруй хүн цалинжуулдаг боловсрол, үйлчилгээний салбартаа томоохонд тооцогдох компани болтол өргөжжээ.