Ц.Туваан: Дэнчингийн дансанд 2.5, хураамжийн дансанд 2.5 тэрбум орчим төгрөг төвлөрсөн
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан
2017.04.03

Ц.Туваан: Дэнчингийн дансанд 2.5, хураамжийн дансанд 2.5 тэрбум орчим төгрөг төвлөрсөн

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хуульд юу гэж заасан байна, түүгээр л тодруулна-
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан намыг шинэчлэх ажил ямар шатанд явж байна вэ. Бусад фракцаас зөвхөн “Шонхор” эрх мэдлийг өөрсдөд дээрээ төвлөрүүлэх гэж байна гэх шүүмжлэл хэлэх боллоо. Намын гал тогоог барьж буй хүний хувьд та энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

-Улс төрийн намын гол дүнгээ тавиулдаг үйл явдал сонгууль байдаг. Өнгөрсөн 2016 оны сонгуульд УИХ болон орон нутгийн сонгуулиар ард түмэн Ардчилсан намд муу дүн тавьсан. Нам нэгэнт ялагдсан учир бид институцийнхээ хувьд дүгнэлт хийгээд энэ намд ямар ч байсан шинэчлэл хийх хэрэгтэй болжээ. Ямар нэгэн байдлаар бодлого, зарчмаа хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ өөрчлөхгүй бол болохгүй нь гэх дүгнэлт хийгээд дараагийн алхам руугаа орсон. Энэ хүрээнд нийт гишүүдээсээ тодорхой хэмжээний дэнчин төлүүлээд нэр дэвшүүлэх ажил өрнүүлж, С.Эрдэнэ дарга олонхийн санал авч, намын дарга боллоо. Үүний дараагийн шат нь намын бүх шатны сонгуульт гишүүнийг сонгох сонгууль юм. Мөн энэ хугацаанд намын VI, VII их хурлаараа шинэчлэлийнхээ уур амьсгалыг оруулан намын дүрэмдээ өөрчлөлт орууллаа. Энэ дүрмийн дагуу шинэчлэлийн хоёрдугаар шат үргэлжилж өчигдөр дуусч байна.

 Манай намд хэт ардчилсан үзэлдээ хөтлөгдөн түүгээр халхавч бамбай хийгээд намаа хайр найргүй шүүмжилдэг, гутаадаг байдал их гардаг. Энэ нь нэг талаараа дотоод ардчилалтай юм шиг харагдаж байгаа ч зарим тохиолдолд хэтрүүлээд явчихдаг. Өөрөөр, хэлбэл, С.Эрдэнэ гэдэг хүн намын дарга болчихоор “Шонхор” фракц энэ намыг тэр чигт нь эзлэх нь гэх яриа гарч байна. Гэхдээ бодит байдалд тэс өөр. Нийслэлийн АН, дунд шатны намын хорооны дарга нарын сонгуульд л гэхэд 54 хүн, ҮБХ-ны 380 суудалд 511 хүн нэр дэвшлээ. Өрсөлдөөн байгаа. Хүмүүс мөрийн хөтөлбөрөө уралдуулж, сонгогдох гэж байна. Тиймээс аливаа шинэчлэл дардан шулуун байдаггүй. Ямар нэг бэрхшээл, саадтай учирч, туршлага дутах зүйл гардаг учраас даван туулаад бид явж байна.

-Хоёр дахь шатны сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө явуулсан нь хэр зөв зүйтэй алхам байсан бэ. Ялагдсан намд дотроо талцах, маргалдах, хоёр тийш харж суух эрх байхгүй баймаарсан?

-Нам гэдэг олон гишүүдээс тогтдог. Эрх барих дээд байгууллага нь намын их хурал байдаг. Намынхаа их хурлаар АН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулаад энэ хүрээнд дотоод сонгууль явагдаж байгаа юм. Энэ бол шинэчлэлийн маш том давлагаа. Сумын намы хороо, үүрийн тэргүүлэгч гишүүдийг оролцуулаад тооцох юм бол 17800 хүн сонгуульт албан тушаалд томилогдож байна. АН үндсэн бүтцээ 100 хувь өөрчилсөн сонгууль болж өнгөрлөө. Үүнийг цаг хугацаа алдаж хийж болохгүй байсан. Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн хүрээнд явагдана. Үүний өмнө бид АН дотроо зохион байгуулалтаа хийгээд шинээр томилогдсон дарга нар нь багаа бүрдүүлээд явах ёстой. Нэг ёсондоо, шинэ багаар явах нь улс төрийн намын хувьд цаг алдалгүй хийх ажил байсан.

Аливаа шинэчлэл дардан шулуун байдаггүй. Ямар нэг бэрхшээл, саадтай учирч, туршлага дутах зүйл гардаг учраас даван туулаад бид явж байна.

-АН шинэчлэгдэж эхэллээ гэж ярьж буй ч энэ нь хэлбэр төдий байна гэх шүүмжлэл гарах боллоо. Намын дотоод сонгуульд дарга үзэмжээрээ хандаж байна гэх яриа ч гарсан. Үүнд та тайлбар хэлэхгүй юү?

-Намын хувьд эрх барих дээд байгууллага их хуралд оролцсон төлөөлөгчдийнхөө үгийг сонссон. Мөн 21 аймагт очиж үндсэн дүрмийн хэлэлцүүлгийг гишүүдийнхээ дунд хийсэн. Эндээс гарсан санал дүгнэлтийг Ш.Түвдэндорж гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг нэгтгэж боловсруулсан юм. 170 гаруй мянган гишүүний саналыг бүгдийг нь тусгах боломжгүй учраас багцалж, нэгтгэсний дараа Их хурлаараа баталсан. Энэ дүрмийн дагуу өнөөдрийн ажил явж байна. Намын дотоод сонгуулиудыг явуулах намын хурлуудыг хуралдуулах дэгүүдийг их хурлаараа баталж өгсөн. Тодорхой дүрэм журмынхаа хүрээнд явж байгаа. Энэ дүрэм удирдах албан тушаал хашиж байсан зарим гишүүнд таалагдахгүй байгаа нь харагдаж байна. Ямар ч тохиолдолд гишүүдээсээ асуусан, батлуулсан дүрмийг хэрэгжүүлээд явах нь одоогийн намын удирдлагын үндсэн үүрэг юм. Үндсэндээ бид тогтоосон дүрэм журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулж байна. Ямар нэг алдаа гаргасан бол эргээд хариуцлагаа 100 хувь хүлээх ёстой.

-Танай намын шинэчилсэн дүрмийг эхлээд Дээд шүүх бүртгээгүй. Харин өнгөрсөн баасан гарагт дахин хэлэлцээд бүртгэсэн байна. Ямар алдаа дутагдал гарсан байсан юм бэ?

-Улс төрийн намын тухай хуульд ямар ч намын эрх барих дээд байгууллага нь Их хурал байна. Их хурал бол тухайн намынхаа дүрмийг эцэслэн батална гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлт батлагдсан. Бид бүх дүрэмдээ өөрчлөлт хийгээгүй. Долдугаар их хурлаас гаргасан нэг зүйл нь Үзэл баримтлал, үндсэн дүрмийн 30 хүнтэй зөвлөл байгуулсан юм. Энэ зөвлөл одоо ажиллаж байгаа. Тэд VIII их хурал дээр шинэчилсэн үзэл баримтлал, дүрэм оруулж ирэхээр ажиллаж байна. Тэр үед батлагдсан үзэл баримтлалынхаа хүрээнд нийцсэн шинэчилсэн дүрмийнхээ найруулгыг оруулж ирэн дахин батлах юм. Одоо АН хуучин дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан байдлаар явж байгаа. Аливаа компани, төрийн бус байгууллага байгуулаад дүрмээ гаргаад гишүүд нь батлаад өгөхөд Дээд шүүх бүртгэгчийн статустай оролцдог. Өөрөөр хэлбэл, АН их хурлаараа эцэслээд баталсан дүрмийг тэнд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон үндэсний эрх ашигтай харшлах зүйл заалт байна уу гэдгийг нь нягталж үзээд байхгүй бол бүртгэдэг. Энэ удаагийн дүрмийг ч гэсэн зарим бичиг баримт дутуу байна гээд буцаасныг гүйцэж өгсний дараа өнгөрсөн баасан гарагт бүртгэлээ.

-АН-ын VIII Их хурал хэзээ болох вэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ямар зарчмаар тодруулах вэ?

-Энэ хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжилна. АН-ын VIII их хурал тавдугаар сарын 2-7-ны хооронд хуралдах ерөнхий тов байна. Бид хуулийн дагуу л ажиллана. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ямар хэлбэрээр тодруулах вэ гэдгийг хуульд юу гэж заасан байна, тэр журмаар л явна.

Одоо АН хуучин дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан байдлаар явж байгаа. Аливаа компани, төрийн бус байгууллага байгуулаад дүрмээ гаргаад гишүүд нь батлаад өгөхөд Дээд шүүх бүртгэгчийн статустай оролцдог.

-ҮБХ-нд автоматаар сонгогдох гишүүд бий юү?

-ҮБХ-ны гишүүдийг төлөөллийн байгууллагыг өргөтгөсөн байдлаар хуралдуулж сонгодог байя гэж ярилцсан. Энэ нь эцэстээ Их хурлын гишүүд болон дүрмийн төслийг хэлэлцүүлж байхад гишүүдээс дэмжлэг авсан. Нэгэнтээ АН гишүүн төвтэй, гишүүдээсээ асуудаг, сонгуулдаг нам болж байгаа юм чинь ҮБХ-ны гишүүнийг ч нийт гишүүдээсээ сонгодог байхаар болсон юм. Сонгогдсон гишүүдийг их хурлаараа дахин батламжилна. УИХ-ын 76 гишүүнийг таваар үржүүлж 380 гишүүнтэй байхаар тусгасан. Үүн дээр УИХ-ын гишүүд шууд сонгогдохоор дүрэмд зааж өгсөн. Тэгэхээр одоо ҮБХ-ны 389 гишүүнтэй болно гэсэн үг.

-Хариуцлагын тогтолцоог дүрэмдээ тусгаж өгсөн гэлээ. Үүнийгээ тодотговол?

-Хариуцлагын тогтолцоо маш нарийн орж өгсөн. Өөр намын болон ард түмний дунд улс төр хийж чадахгүй мөртлөө өөрсдийгөө намыг муужирч унатал нь шүүмжилж гутаан доромжилдог. Зарим тохиололд намаасаа гараад өөр намд орж байгаад сонгуульд хүртэл нэр дэвшдэг зүйлүүд байсан. Үүн дээр хариуцлага тооцох тухай асуудал манай дүрэмд тодорхойгүй байсан  учраас энэ талаар нэлээд нарийвчилж өгсөн. Саяхан Р.Амаржаргал гишүүн хэвлэлд ярилцлага өгсөн байнсан. Нэгэнт олонхиороо шийдээд дүрмээ тохироод галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн юм чинь цаашид гоншигнох шаардлагагүй дүрмээ дагаад яв гэсэн байна лээ. Би үүнтэй 100 хувь санал нийлж байна.

-20 сая төгрөг төлчихөөд тавхан минут ярих эрхтэй, намын гишүүддээ танилцуулгаа бүрэн дүүрэн хийж чадахгүй байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Мөнгөний талаар маш их ярьж байгаа. Улс төрийн нам гишүүдийн хандив, татвар хураамж дээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг авч байгаа арга хэлбэр бол энэ удаагийн сонгуулийн хураамж байгаа. Энэ хураамжийг шат, шатанд нь тавьж өгсөн. Намын даргын сунгаан дээр нэг нэр дэвшигчээс 250 сая төгрөгийн хураамж авахад бас л шүүмжлэл гарч байсан. Таван нэр дэвшигч орон даяар сурталчилгаагаа хийгээд, сонгууль болоход “Ийм мөнгө зарцуулах нь аргагүй юм байна” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ардчилсан намын хуучнаар Үндэсний зөвлөлдөх хорооны татвар 17 жил өөрчлөгдөөгүй. Хуучин нэг сая төгрөг байсан. Тиймээс бид хураамжаа нэмсэн. Энэ хураамж нь сонгуулийн өөрсдийнх нь зардалд зарцуулагдана. Эргээд тайлангаа танилцуулна. Дэнчин гэж авсан. Тухайн хүн сонгуульд олонхийн санал аваад ялсан тохиолдолд татвар болно. Тэр татварыг нам үйл ажиллагаа явуулахдаа зарцуулна. Энэ жилээс дунд шатны намын Хэрэг эрхлэх газрын дарга нараа цалинжуулахаар дүрэмдээ тусгасан байгаа. Шат, шатны сонгуульд өрсөлдүүлэх гишүүдийн дэнчинг тухайн шатны намын байгууллагад нь 100 хувь шилжүүлж өгнө. Сумын гишүүдийн төлсөн татварыг сумын намын хорооны дансанд шилжүүлнэ гэсэн үг. Энэ мөнгөөр тухайн байгууллагууд ирэх жилийн татвар хүртэл улс төрийн үйл ажиллагаа явуулна.

Нэгэнт олонхиороо шийдээд дүрмээ тохироод галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн юм чинь цаашид гоншигнох шаардлагагүй дүрмээ дагаад яв гэсэн байна лээ. Би үүнтэй 100 хувь санал нийлж байна.

-Одоо намын дансанд хэчнээн төгрөг төвлөрөөд байгаа юм бэ. Сонгууль зохион байгуулахад хэдий хэмжээний зардал ордог юм бэ?

-Одоогоор дэнчингийн дансанд 2.5 тэрбум, хураамжийн дансанд 2.5 тэрбум орчим төгрөг байгаа. Энэ мөнгө одоогоор хөдлөхгүй. Шинэ намын дарга сонгогдоод дээд шатны намын дарга нараас батламжаа гардаж аваад дансаа үүсгэтэл хөдлөхгүй гэсэн үг. Намын дарга нар тамгаа гардаж авсныхаа дараа дансаа үүсгэхээр бид мөнгөө шилжүүлэх юм. Мөн Дэнчингийн 2.5 тэрбум төгрөг нь сонгогдсон хүмүүсийн татвар болоод үлдчихнэ. Сонгогдоогүй хүмүүс нь мөнгөө буцаагаад авчихна.

-Үндэсний бодлогын хороонд нэр дэвшиж байгаа хүмүүст ямар шалгуур тавьсан юм бэ. Мөнгөтэй хүмүүс нь нэр дэвшээд ҮБХ-д  ороод байна гэх шүүмжлэл байна?

-Үндэсний бодлогын хороо гэж яагаад нэрлэсэн гэхээр Ардчилсан нам бодлогын нам болох гэж байгаа. Тиймээс бодлого боловсруулах хэмжээнд үйл ажиллагаа явуулахын тулд бодлогын гэж нэр оруулж өгсөн. Цаашдаа улс төрийн сонгуульд ялалт байгууллаа гэхэд мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлэх бодлого нь бэлэн байх үүднээс ҮБХ гэж нэрлээд гишүүдээ сонгож байгаа. 500 хүн дотор дандаа залуучууд, шинэ хүмүүс байхгүй. Гэхдээ Үндэсний бодлогын хороо залуучууддаа боломж олгоё гэж байгаа. Залуучууд бодлогын гадна үлдээд, сонгогдож чаддаггүй гэсэн шүүмжлэлийг хүлээж аваад 5/1 буюу 76 суудлыг залуучууддаа, жендерийн асуудал аль ч улс орны сонгуулийн хуулинд яригддаг учраас 76-г нь эмэгтэйчүүддээ үлдсэн 228 суудлыг бусад хүмүүстээ хуваарилж өгсөн. Энэ 380 сонгогдсон хүн дотор ирээдүйн улс орны бодлогыг тодорхойлох боловсон хүчин дүүрэн байгаа. Энд огт эргэлзэхгүй байна. Ардчилсан нам урагшаа харсан, ард түмнийхээ амьдрал руу чиглэсэн, улс орныхоо хөгжил рүү чиглэсэн зоригтой алхамуудыг хийж чаддаг ийм нам. Энэ бодлогыг боловсруулах боловсон хүчин хангалттай байгаа.

-Үндэсний бодлогын хорооны гишүүдэд хоёр жил болоод “салхи оруулна” гэж дүрэмд заасан байгаа. 2019 онд дахин сонгууль явуулна гэсэн үг үү?

-Яг хоёр жил ч биш. Сонгуулийн өмнөх жил ротаци байхгүй. Дундах жилүүд дээр ротаци явагдана гэсэн үг. УИХ-ын нэг тойрогт байгаа гурван чөлөөт суудлын гурван хүн гурван жилдээ нэг, нэг удаа ротацид орно. Ингэхдээ залуучууд, эмэгтэйчүүдийн аль нэг нь заавал ротацид ордог байдлаар явна. Гишүүд, дэмжигчдийн дунд ротациа хийгээгүй олон жил болсон гэдэг шүүмжлэл байдаг. Энийг одоо байнга хийнэ. Намын ажил хүлээж аваад харж байхад тэр шүүмжлэл үнэхээр бодитой шүүмжлэл байсан байна гэдэг нь харагдаж байгаа.

-Том ялалтын дараах намын гал тогоог авч явах хэр хэцүү байна вэ?

-Ард түмнээрээ бид дүнгээ тавиулсан. Тэр нь ялагдал байсан. Ялагдалдаа дүгнэлт хийгээд бодлогын өөрчлөлт хийгээд, гишүүдтэйгээ нийлж, нягтраад дараагийн сонгууль руугаа алхах ийм үе байна. Гишүүд бид нарт итгээд сонгосон. Энэ итгэлийг нь хариуцлагаар, ажлын өндөр амжилтаар хариулах зорилт тавиад ажиллаж байна. Ер нь амар хялбар даваа, амар хялбар шинэчлэл байдаггүй. Тодорхой хэмжээний идэвх санаачлага, хариуцлага байх ёстой.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт хэр ойрхон санагдаж байна вэ?

-Улс төрийн нам учраас Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын төлөө бүх хүчээ дайчилж ажиллана.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарлаад байгаа танай намын гишүүд байгаа шүү дээ. Тухайлбал, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг. Та энэ хүмүүсийн мэдэгдэлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хүмүүс хувь хүнийхээ үүднээс байр сууриа илэрхийлж байгаа байх. Хуулийнх нь асуудал ном журмын дагуу явагдана. Шуудхан хэлэхэд манай шинэчлэл дотор байгаа “бүхнийг гишүүд шийднэ”. Өөрөөр хэлбэл гишүүн төвтэй, гишүүнээсээ асуудаг, гишүүд нь сонгодог нам болно гэж зарласан учраас хэн нэр дэвшиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг нийт гишүүдээсээ асууж тодруулна.

-Намын дарга бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэсэн дүрэмтэй байгаа бил үү?

-Намын дарга УИХ-ын сонгуульд оролцоод олонхийн санал авч ялалт байгуулсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхий сайд болно гэдэг заалтыг оруулж өгсөн.

-Сунгаагаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна гэдэг нь хэвээрээ байгаа юу?

-Дотоод сонгуультай байгаа учраас энэ асуудал дээр 100 хувь төвлөрч чадахгүй байна. Дотоод сонгууль дуусгаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хуулийн дагуу тодруулна.

-Намын Ерөнхий нарийн бичгийн дарга бол намын гал тогоог авч явдаг. Намынхантайгаа хэр хамтарч, гар нийлж ажиллаж байна. Нам доторх фракциудаа хэр дэмжиж ажиллах бол?

-Гал тогоо бол үнэхээр гал тогоо л байдаг юм байна. Гишүүдэд тохиолдсон уй гашуу, баяр гуниг, гээд бүхий л зүйлд оролцдог юм байна. Намын дарга итгэл хүлээлгээд энэ ажлыг хий гэсэн учраас болохоосоо болохгүйг нь хүртэл хийж үзнэ. Өөртөө итгэлтэй байгаа. Намын гал тогоонд 20-иод жилийг өнгөрөөлөө. Энэ хугацаанд МоАХ-ын партизанууд, бусад ах дүү нартайгаа сайн харилцаатай явдаг. Сайн ойлголцдог. Тэднийхээ дэмжлэгийг авч ажилладаг. Ер нь бол шударгаар дүрмээ, зарчмаа барьж ажиллана. Энэ хүрээнд хэнтэй ч хамтраад ажиллана. Дүрмийн бус, хуйвалдааны шинжтэй зүйлд оролцохгүй.