УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.01.26

Ц.Даваасүрэн: Автоматжуулсан системийн аюулгүй байдлыг яаж хангадаг вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуусан юм. 

Ц.Даваасүрэн: Автомат төхөөрөмжөөс татгалзах аргагүй юм. Гэхдээ

Сонгуульд техникийн дэвшил ашиглахыг үгүйсгэх аргагүй юм. 2012, 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн харахад итгэл найдвар төрүүлж байна. Ялангуяа санал хуудсыг автоматаар тоолох нь баталгаатай гэж бодож байна. Гэхдээ гараар давхар тоолох хүсэлт гаргаж байсан улс төрийн хүчний хувьд дараагийн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг 100 хувь гараар тоолох байх гэж бодож байна.

Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ямар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлдэг вэ?

Тагнуулын Ерөнхий газар тодорхой хяналт тавих ёстой байх. Мэдээллийн технологийн байгууллагууд оролцдог уу? Яаж гадны халдлагаас хамгаалдаг вэ? Хамгаалж чаддаг гэж үзэж байна уу? Тагнуулын байгууллагаас 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд хяналт, шалгалт хийсэн үү? Баталгаат ажиллагааг хангаж ажилладаг талаар мэдээлэл өгнө үү.

Ч.Содномцэрэн: Автоматжуулсан систем аюулгүй байдал талаасаа найдвартай. 

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд тус системийн аюулгүй байдлын талаар заалтууд бий. Үүнээс нэг чухал заалт бол системийн аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг байгуулах юм. Мөн хуульд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хэрхэн томилох талаар тодорхой заасан байдаг.

Тагнуулын Ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн Ерөнхий хороо хамтран ажлын хэсэг байгуулдаг. Уг ажлын хэсэг сонгууль бүрээр байгуулагддаг.  Ажлын хэсэг автоматжуулсан системд техник үйлчилгээ хийхээс эхлээд сонгуулийн үр дүнг гаргаж, Тагнуулын Ерөнхий газрын төрийн тусгай хамгаалалтад байдаг агуулахад хийх хүртэл хяналт тавьж ажилладаг.

Тодруулбал, эхлээд техник хэрэгслийг агуулахаас гаргаж, техник үйлчилгээ хийж, програмчлаад, хөдөө орон нутагт хуваарилан, хүргэсний Цагдаагийн хамгаалалтад очиж, буцаад Тагнуулын байгууллагын агуулахад орох хүртэл хяналт тавьдаг. Агуулах нь 24 цагийн камерын хяналттай.

Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдал сайн хангагдсан гэж үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудал бол өөр.

Манай техник хэрэгсэл “offline” горимд ажилладаг. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутгийн сүлжээгүй, цахилгаангүй газарт ч санал авч болдог. 12 вольтын батерей залгахад л болно. Саналын хуудсыг тоолж дуусаад сонгуулийн үр дүнг хэвлэдэг. Түүний дараа сүлжээгээр мэдээллээ дамжуулдаг. Мэдээ дамжуулахдаа л “online” горимд шилжинэ.

Мэдээ дамжуулах явцад хакердаж байна уу, үгүй юу гэдгийг ажиглагчийн гарт байгаа биллтэй тулгарч үздэг. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа 1900 хэсгээс ирж буй биллийг авч, төв серверт ирсэн дүнтэйгээ тулгаж үзсэний үндсэн дээр сонгуулийн албан ёсны дүнгээ зарладаг. Тийм учраас автоматжуулсан систем аюулгүй байдал талаасаа найдвартай.