Өрсөлдөгчид: Нэг намын хоёр өнгө
Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч Д.Баттулга, Ш.Түвдэндорж
2017.03.30

Өрсөлдөгчид: Нэг намын хоёр өнгө

Ардчилсан намын шинэчлэл дотоод сонгуулиар үргэлжилж байгааг тус намын дарга С.Эрдэнэ нэгэнтээ хэлсэн. Уг дотоод сонгуулийн сурталчилгааны ажил маргааш 24:00 цагаас дуусгавар болж, Ням гарагт Ардчилсан намын гишүүд сонголтоо хийнэ. 

Үндэсний бодлогын хорооны гишүүн, Нийслэлийн намын даргаас эхлээд дүүрэг, сум, үүрийн дарга нараа хүртэл сонгох уг сонгуулийн хамгийн сонирхолтой нэр дэвшигчдээр Д.Баттулга, Ш.Түвдэндорж нарыг нэрлэж болох юм. Ингээд тэдний нас, мэргэжил, ажилласан байдал, сонгуульт ажлыг харьцуулж үзье. 

Үндсэн мэргэжил хоёул инженер ч чиглэл нь өөр. Ажил, амьдралынхаа явцад нэг нь эдийн засаг сонирхсон бол нөгөө нь хууль эрх зүйг чухалчилсан байдаг. Д.Баттулга, Ш.Түвдэндорж нарын хэн хэн нь төрийн өндөр албан тушаал ч хашиж явсан, намдаа ч тэр. Гэхдээ харьцуулбал Ш.Түвдэндорж илүү.

Ш.Түвдэндорж тасралтгүй улс төрийн карьер хөөсөн бол Д.Баттулгын хувьд дулааны цахилгаан станцад эдийн засагч, яаманд мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, 2001-2010 онуудад хувийн компанийн зөвлөх, хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.

Д.Баттулга 1993 онд Монголын Ардчилсан холбооны ерөнхийлөгч байсан бол 2000, 2006 онуудад Ш.Түвдэндорж гүйцэтгэх захирал, даргаар нь ажиллажээ. 

Д.Баттулга Улсын бага хурлын гишүүнээр ажиллаж, Үндсэн хууль батлалцаж улмаар УИХ-ын гишүүн, байнгын хорооны даргаар ажиллаж байсан бол Ш.Түвдэндорж түүнээс гадна хоёр ч Засгийн газарт орж ажилласан байдаг. Тодруулбал, Д.Баттулга 1996 онд парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бол Ш.Түвдэндорж сүүлд буюу 2012 онд УИХ-д орж байжээ. Хоёул нэг удаа л УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. 

Д.Баттулга Нийслэлийн Сүхбаатар дүүргийн намын хорооны даргаар л ажилласан байхад Ш.Түвдэндорж Чингэлтэй дүүргээс эхлээд намын генсек хийж, одоо өрсөлдөж буй албан тушаалдаа ч хоёр жил хашиж байжээ. 

Ингээд харьцуулж харахад Д.Баттулга нь насаар ахмад ч Ш.Түвдэндорж төрд болон намдаа хашсан албан тушаалаар арай илүү буюу намтар арвинтай байна.

Гэхдээ өмнөх түүх, одоогийн нөхцөл байдал, намдаа хэр хүндтэй байгаа эсэхээс сонголт шууд хамаарна. Магадгүй Ш.Түвдэндорж нэгэнтээ намын даргаар ажиллаж байсан болохоор энэ удаад Д.Баттулгаар удирдуулах хүсэлтэй нийслэлийн Ардчилсан намынхан ч байж болно.

Д.Баттулга

Нас: 56 /1961 оны 5 дугаар сарын 18/

Мэргэжил: Эрчим хүчний инженер, эдийн засагч 

Шинж байдал: Хөдөлмөрч, идэвхтэй, ухаалаг, найз нөхөд тойрон хүрээлэгчид нь хүндэтгэдэг. Бусадтай дайсагналцдаггүй. Үг дуу цөөтэй, тайван.

Улс төрийн туршлага: 27 жил

Төрийн өндөр албан тушаал хашсан байдал:

Улсын бага хурлын гишүүн

Монголын Ардчилсан холбооны ерөнхийлөгч

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга

НИТХ-ын дарга

Намдаа хашсан албан тушаал:

Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн АН-ын дарга 

Ш.Түвдэндорж

Нас: 50 /1967 оны 12 дугаар сарын 1/

Мэргэжил: Радио холбооны инженер, хуульч, улс төр судлаач

Шинж байдал: Түүнд тусалсан хүнийг үнэн сэтгэлээсээ хүндэлдэг. Тавьсан зорилгодоо ямар нэгэн байдлаар хүрдэг. Зорилгодоо хүрч чадахгүй бол муухай ааш гаргаж, бусдыг өөрөөсөө түлхдэг.

Улс төрийн туршлага: 27 жил

Төрийн өндөр албан тушаал хашсан байдал:

Батлан хамгаалахын сайд

Монголын Ардчилсан холбооны гүйцэтгэх захирал

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга

Намдаа хашсан албан тушаал:

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн

Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн

Чингэлтэй дүүргийн АН-ын дарга

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга

Нийслэлийн Ардчилсан намын дарга