Ц.Туваан: Ард түмэнтэйгээ цуг улс төрийн тэмцэл өрнүүлнэ
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан
2018.01.16

Ц.Туваан: Ард түмэнтэйгээ цуг улс төрийн тэмцэл өрнүүлнэ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт танай намын зүгээс УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байгаа. Ер нь сөрөг хүчний зүгээс эсэргүүцэл илэрхийлэх цаг үе  ирлээ гэж харав уу?

-Тийм ээ. Гурван зүйл бүхий хугацаатай шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүллээ.

Өмнө нь УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэйгээ ярилцаж байгаад мөн адил утга бүхий шаардлагыг эрх баригчдад хүргүүлээд байсан юм. Гэвч эрх баригчид тодорхой хариу өгөөгүй. Тиймээс тэмцлийн дараагийн үе шатыг эхлүүлж байна гэж ойлгож болно. Татварын нэмэгдэл, утааны асуудал гээд улс орны эрх ашиг, иргэдийн амар тайван амьдрал, эдийн засагтай  холбоотой асуудлыг хөндсөн учраас  энэ удаа шаардлагадаа хугацаа  зааж өгсөн. Хоёрдугаар сарын 1-ний дотор эрх баригчид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ.

Бид есөн төрлийн татварын нэмэгдэл, түүнийг дагасан суурь үнийн өсөлт, инфляц иргэдийн нуруун дээр ачаа болж очиж  байгаа учраас эдгээр татварын нэмэгдлийг зогсоо гэсэн зүй ёсны шаардлага тавьсан. Түүнчлэн агаарын бохирдол утааны асуудал гамшгийн хэмжээнээс давж, Улаанбаатарт  хүн амьдрах аргагүй болсныг бүгд харж байна. Гэтэл засаг “Зуух тараана” гэсэн улиг болсон явцгүй арга хэрэгжүүлэх гэж байгааг эрс эсэргүүцэж байгаа.

Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах явцдаа Зөвлөлдөх уулзалт  зохион байгуулж, хэн гэдэг хэдэн хүн ямар санал өгсөн нь тодорхойгүй байтал  энэ талаар олон нийтэд буруу ташаа мэдээлэл түгээж, хууль зөрчсөн үйлдэл хийж байна. “Үүнийгээ  зогсоо” гэсэн тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн. Хэрэв  ирэх сарын 1-ний  дотор  хариу өгөхгүй, асуудлыг шийдэхгүй, бултах байдлаар хандвал Ардчилсан нам, ард түмэнтэйгээ хамт жагсана, тэмцэнэ.

-Яг одоогийн байдлаар  дээрх асуудалтай холбоотой ямар нэгэн арга хэмжээг эрх баригчид аваагүй байна. Шатахууны үнэ нэмэгдчихлээ. Ер нь асуудал цаашид хүндрэх хандлагатай байгаа. Тэгэхээр танай шаардлага УИХ-ыг тараах тухай заасан байсан. Дээрх асуудал УИХ-ыг тараах үндэслэл болж чадах уу?

-Иргэдийн дуу хоолойг сонсож, тэднийгээ сайхан амьдруулах гэж төр засаг байдаг. Түүнээс биш ард түмнээ татвараар дарамталж, иргэдийнхээ бодит орлогоос “хууль гаргах” замаар хумсалдаг төр гэж байхгүй. Хэрэв эрх баригчид ийм замыг сонгосон бол түүнийг нь нэн даруй таслан зогсоох ёстой. Иргэдийнхээ халаас руу гар дүрнэ гэдэг арчаагүй төрийн шинж. Мэргэжлийн, Ардын гэх сүржин тодотголтой Засгийн газрууд нь ам нээх болгондоо болгондоо “Эдийн засаг өсөж байна” л гэдэг. Монголбанкны удирдлага нь гадаад валютын нөөц нэмэгдэж байгаагаа гайхаад л…

Энэ их өсөлт, валютын их нөөц нь тэгээд хаашаа хэний халаас руу орчхоод байгаа юм бэ. Индэр дээр гарахаараа эдийн засаг өсөж байна, сайхан боллоо гэж худал ярьдаг. Ширээнийхээ ард сууж буйдандаа тухлахаараа хэцүү байна, болохоо байлаа “татвар нэмлээ” гэж ярих. Шатахууны  үнэ нэмэгдэхээр Монголын эдийн засаг яаж өөрчлөгддөгийг бүгд мэднэ. Шатахууны  үнэ нэмэгдээд нэг цаг өнгөрөхөд л өргөн хэрэглээний бараа  бүтээгдэхүүний үнэ өсдөг. Үнийн өсөлт дагаад инфляц өснө.

Үүний ачаа нь ард түмний нуруун дээр ирж байна. Ерөөсөө монголчуудын амьдрал тэр чигээрээ үймж байгаа байхгүй юу. Эрх баригчид ингэж илээр татвар нэмж  хулгай хийнэ. Далдуур инфляцаа өсгөж иргэд, албан байгууллагын  орлогоос хумсална. Ардчилсан намын үед бараг 0 хувьд хүрч байсан инфляц одоо 10 гараад явлаа л даа. Ингэхээр ард түмэн яаж амьдрах юм бэ. Гадуур бухимдал дээд цэгтээ хүрч байна. 

Бид 2016 оны зургаадугаар сараас хойш өнөөдрийг хүртэл эрх баригч намыг харлаа. Сөрөг хүчний зүгээс  тэсвэртэй хандаж ирлээ. Аливаа зүйлд хязгаар гэж бий. Бидний тэсвэр тэвчээр барагдлаа.  МАН амласан амлалт ярьж, хэлж байсан зүйлийнхээ эсрэг явж байна. Ард түмний ч тэсвэр тэвчээр барагдаж байна. Тэгэхээр бид ард түмэнтэйгээ нэгдэж дуугарахаас өөр аргагүй байдалд хүрч байна.

-Хэрэв шаардлагад нийцсэн шийдвэр гаргахгүй,  та бүхэнд ямар нэгэн хариу өгөхгүй бол ирэх хоёрдугаар сарын 1-нд юу болох вэ?

-Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг орон даяар зохион байгуулна. Эрх баригчид алдаатай бодлогоо застал бид ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ. Иргэд ч биднийг дэмжихээ илэрхийлсээр байгаа.

-Татварын нэмэгдлийг ОУВС-гийн хөтөлбөртэй холбон тайлбарладаг. Хөтөлбөрт нэгдсэнээр манай эдийн засаг сэргэсэн үү. Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Монголын эдийн засаг 2016 оны хоёрдугаар хагасаас 2017 оны эхэн гэхэд сэргэх нь тодорхой байсан. Яагаад гэхээр уул уурхайн бараа бүтээгдэхүүний  үнэ  энэ үед өснө гэдгийг олон улсын судлаачид зарласан. Бид энэ үед Чингис  бондынхоо анхны төлбөрийг төлнө гэж тооцоолсон.  Гэвч эрх баригчид эдийн засгийн хувьд бодлогогүй шийдвэр олон гаргаж байна.  Сая төсвийн орлого 900 тэрбум төгрөгөөр давж биеллээ. 

 Энэ орлогоор зээлээ төлөх ард түмний амьдралыг сайжруулахад зориулахгүйгээр хэдэн сайд нар нь төсвийн тодотгол нэрээр хувааж аваад  дуусгачихлаа.  Мөн  есөн төрлийн татвар нэмсэн энэ мөнгөөр халамжийн бодлогыг тэлж байна. 2012-2016 оны хооронд хүнсний  толаныг 110 гаруй мянган хүнд өгөхөд 13 тэрбум төгрөг жилдээ зарцуулж ирсэн. Гэтэл 2018 оны төсөв дээр энэ мөнгийг 71 тэрбум төгрөг болгож тавьж байна.

Ард иргэд  энэ нэг жилийн хугацаанд ингэж олноороо ядуурсан гэвэл худлаа болно. Үүнийг бодох л асуудал.   Мөн нийгмийн дундаж давхаргынхны цалингаас шатлалтайгаар татвар авч эхэллээ. Энэ маш буруу  асуудал. Үүний цаад бодлого нь  дундаж  давхаргыг шахаж унагаагаад “төрөөс аль болох олон иргэн халамж хүртэж амьдарна”  гэсэн  хуучны коммунист арга барилаа хэрэгжүүлж байна л даа. Иргэдийг ядууруулж, эргүүлээд саналыг нь худалдан авах арга замаар төрийн эрхэнд удаан байх гэсэн бусармаг арга гэсэн үг.

Энэ хортой бодлого иргэдэд хүндээр тусаад зогсохгүй хэдэн хүн ажлын байртай болгоод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ч маш хүнд тус байна.   Нийгмийн даатгалын шимтгэл, шатахууны онцгой албан татвар үүнийг дагаад компанийн зардал өснө. Мөн ХАОАТ нэмээд өгөхөөр Уул уурхай, барилга, банкны салбарын боловсон хүчнээ тогтоож авч үлдэхийн тулд татвараа  төлөхөөс аргагүй байдал үүсэж байна.  Ингэж давхар хувийн хэвшлийн нуруун дээр ачаа болж ирлээ. 

Зүй нь төсөв  тэлж байгаа бодлогоо эргэн харах хэрэгтэй. Сайд нарынхаа  урсгал зардлыг танах ёстой.  Манай нам засаг барьж байх үед дэлхийн зах  зээлд нефтийн үнэ 100-гаас дээш доллартай байсан ч шатахууны үнийг тогтвортой байлгаж чадсан. Зорилтот хөтөлбөр гаргаад энэ асуудлыг зохицуулаад болж байсан. Бусад татваруудыг нэг ч удаа нэмээгүй. НӨАТ-ын хууль батлуулсан нь иргэнд ч төрд ч үр дүнгээ өгсөн сайн ажил болсон.

Далд нууц байсан  эдийн засгийн хөшүүрэг гэж  болох хөрөнгийг эдийн засгийн өршөөл үзүүлж гаргаж ирсэн. Ардчилсан нам бол хэн  чадаж байгаа, хэн илүү хөдөлмөрлөж  байгаад  боломж  олгоод сайн сайхан амьдар гэсэн ийм бодлогыг дэмжиж ирсэн. Харин энэ засаг юу хийгээд, юу хийх гээд байгаа нь ойлгомжгүй байна. Маш их эргэж буцсан, хэлсэн ярьснаасаа эсрэг зүйл хийж байна.

-Нөгөө талаар эрх баригчид дефольт зарлах гэж байсан эдийн засагтай улс орныг АН-аас хүлээн авсан гэж ярьдаг.  Энэ дээр та ямар тайлбар өгөх вэ?

-МАН төр барьж байх үед буюу 2011 онд гадаадын хөрөнгө оруулалт 11 тэрбум байсан. Тухайн үед “төсвийн мөнгөөр юу хийх вэ” гэсэн уралдаан л явж байсан. Тэгээд   шинэ  зүйл гаргаж ирээд төсвөө тэлээд л байсан. Эргээд түүнийгээ даахаа больсон. Ийм л эдийн засагтай байсан.  2012 онд Ардчилсан нам нэг их наядын өртэй  Засгийн газар хүлээн авсан. Төрийн залгамж чанар, нэг улсын дотоод асуудал гээд намын зүгээс энэ талаар юу ч яриагүй.  УИХ-д ялж, гарч ирээд шууд цаашаа алхаж байлаа. 

Эд нар шиг өр шир яриагүй. Харамсалтай нь, 2014, 2015 онд уул уурхайн бүтээгдэхүүний  үнэ  унасан. Нүүрс бараг үнэгүй болох дөхсөн.  Энэ үед манай намынхан  ажлаа хийж л байсан.  Дефольт болгохгүйгээр асуудлыг зохицуулж ирсэн. Гэхдээ татвар нэмээгүй юм шүү.   МАН-ынхны хэлдэг нэг зүйл нь дандаа Чингис бонд ярьдаг. Үүнийг өр гэж ард түмний тархийг угааж ирсэн.

Сая Чингис бондын мөнгийг төлөхдөө  өр төлж байгаа юм шиг харагдах гэж их хичээж байна лээ.  Энэ бол өр биш бидний авсан зээл. Түүнийг хэний ч ямар ч Засгийн газар төлөх ёстой.  Бас бондын мөнгөөр хийсэн бүтээсэн бүхнийг бид бүгд л хэрэглээд, үр шимийг нь үзээд явж байгааг хэн ч үгүйсгэхгүй.

-Ер нь улс төрийн байдал бужигнаантай байна.  МАН Мэргэжлийн  Засгийн газраа унагаж, шинэ Засгийн газар байгууллаа. Гэтэл дахиад  өөр Засгийн газрын талаар ярьж эхэлж байна. Ер нь улс төрийн тогтворгүй байдал нь улсын хөгжилд сөрөг нөлөөтэй байх. Тийм үү?

-Бид сөрөг хүчнийхээ байр сууринаас ямар ч Засгийн газрыг алдаатай бодлогынх нь төлөө шүүмжлээд явна. Ямар нэгэн байдлаар ард түмнийхээ эсрэг ажиллаж эхлэх л юм бол хариуцлагын асуудал яригдах ёстой. Энэ бол сөрөг хүчний үндсэн үүрэг. Бид өнгөрсөн хугацаанд их л  тэвчээртэй хандаж ирлээ. МАН энэ байдлаараа цааш явбал бид  ард түмэн, аж ахуй нэгжүүдийнхээ талд баттай зогсоно. Тогтвортой байлгана гээд толгойг нь илээд байж болохгүй. 

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад 100 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд ямар ажил хийснийг нь бид мэдэхгүй. Тодорхой хэлэх юм алга байна.  Харин үүнийхээ оронд  олон ажлын байр бий болгодог томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, нэмүү өртөг шингээгээд улс орон  орлого оруулдаг, төслүүд хийгээд явах болов уу гэж харлаа. Харамсалтай нь ямар ч ахиц дэвшил гарсангүй. Цаашдаа ч хардах шинж алга.