Шинээр сонгогдсон орон нутгийн дарга нарт АН-ын дарга батламж гардууллаа
АН-ын шинэчлэлийн бодлого, дотоод сонгуулийн хүрээнд энэ сарын 2-нд нийслэлийн Хан-Уул дүүрэг, Дорноговь аймагт АН-ын хорооны даргын нөхөн сонгуулийг зохион байгуулав. Сонгуулийн үр дүнгээр Хан-Уул дүүрэгт Н.Гансүх, Дорноговь аймагт Ц.Гантулга нар олонхийн санал авчээ. Шинээр сонгогдсон орон нутгийн дарга нарт УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ батламж гардууллаа.
АН дотоод сонгууль явуулснаар дотоод эв нэгдлийг бэхжүүлэх, гишүүдийн чадавхыг дээшлүүлэх, тэдний улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, намын бүх шатны байгууллагын нээлттэй, ил тод байдлыг хангахад чухал нөлөө үзүүлж, шинэчлэлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд намын Үндсэн дүрэмд заасны дагуу 18 мянга орчим сонгуульт албан тушаалтан сонгогдож, үүрэгт ажлаа хүлээн авчээ. Батламж гардсан намын хорооны дарга нар цаашид хийх ажлынхаа талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
Н.Гансүх “Нийт гишүүдийн 80.5 хувийн саналаар намын хорооны дарга боллоо. Нэн түрүүнд намынхаа эв нэгдлийг хангаж ажиллана” гэсэн бол Ц.Гантулга “Намын Үндсэн дүрмийн дагуу нийт гишүүдийн олонхийн саналыг авлаа. Цаашид намынхаа үнэт зүйлийг эрхэмлэж, шинэ, чадварлаг улс төрийн хүчин болгохын төлөө мэдлэг чадвар, туршлага, баг, хамт олныхоо хүчийг дайчлан ажиллана. Намын бодлогыг тууштай хэрэгжүүлж, гишүүдээ сургаж, чадавхжуулахад нэн түрүүнд анхаарна” хэмээв.
АН-ын дарга С.Эрдэнэ: АН-ын Үндсэн дүрмийн шинэ заалтын дагуу намын анхан, дунд шат байнга шинэчлэгдэж байна. Сар гаруйн өмнө нийслэлийн Хан-Уул дүүрэг, Дорноговь аймагт дотоод сонгууль явуулсан. Сэлэнгэ аймагт явуулах байсан ч нэр дэвшигчид нь намын Үндсэн дүрмийн 5.10.21-д заасан “Тухайн дунд шатны намын хорооны даргад нэр дэвшигч нь тухайн шатны сонгуульт ажилд гурваас доошгүй жил ажилласан байна” гэсэн шаардлагыг хангаагүй учраас хасагдсан.
Харин Дорноговь аймаг, нийслэлийн Хан-Уул дүүрэгт дотоод сонгууль амжилттай боллоо. Намын гишүүдийнхээ гаргасан шийдвэрийг үндэслэн тушаал гаргаж, батламж гардууллаа. Цаашид АН-ын шинэчлэлийн үйл ажиллагаа эрчимжинэ.
Бид бүх гишүүдийн оролцоотой улс төрийн шийдвэр гаргах дүрэм баталсан. Өмнө нь хэн нэг дарга шууд томилж, заавар, чиглэл өгдөг байсан бол одоо бүх гишүүдийг оролцуулан тэдний сонголт, саналаар шийдвэр гаргах зарчмыг мөрдөж байна.