Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлно
2021.05.28

Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлно

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.28\ нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа.

Улаанбаатар хот нь 9 дүүрэг, 169 хороотой бөгөөд хүн амын тоо 1 597 290 болж, манай улсын нийт хүн амын 48 орчим хувь нь амьдарч байна. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 125 мянган аж ахуйн нэгжийн 75 хувь нь нийслэл хотод төвлөрч ажилладаг. Түүнчлэн нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 24 их наяд 683 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 66.7 орчим хувьтай тэнцэж байгаа аж.

Дээр дурдсан тоон үзүүлэлтээс үзэхэд Улаанбаатар хот нь 1.6 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болоод байгаа хэдий ч хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ, хүртээмж хангалтгүй, авто замын ачаалал хэтэрч, төвлөрөл бий болоод байна. Энэ үндсэн дээр айл өрх, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан, дулааны тогтвортой эх үүсвэрээр найдвартай хангах, замын түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

 Тиймээс Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгож хөгжүүлэх асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хорооны түвшинд авч үзэх шаардлагыг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулжээ.