Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.07\ хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Г.Энхтайваныг томилуулах саналаа танилцууллаа.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар таницуулав.
Хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Г.Энхтайваныг томилуулах саналаа танилцууллаа. Г.Энхтайван 1982 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. 2002-2007 онд АНУ-ын Арканзасын их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, 2012-2013 онд Их Британийн Оксфордын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн эрх зүйн магистрын зэргийг тус тус хамгаалжээ. Тэрээр 2007-2011 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хянан шалгагч, 2011-2012 онд Гадаад харилцааны яаманд сайдын туслах, Эдийн засаг, хамтын ажиллагаа, гадаад хуралдааны газарт атташе, 2013-2015 онд “Америк банк”-д дадлагажигч/шинжээч, 2015-2018 онд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2018 оноос “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан бөгөөд Байнгын хорооны гишүүдийн олонх нь Г.Энхтайваныг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжсэн байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн танилцуулга болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг нэр дэвшигчийн банк, санхүүгийн салбарын туршлагын талаар тодруулж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нэр дэвшигчийг томилогдоод эрч хүчтэй, зоримог шийдвэр гаргаж ажиллахыг захив. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Банк, санхүүгийн салбарын реформыг хийх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахалж, холбогдох хууль тогтоомжуудыг батлуулах зэргээр санаачлагатай ажиллаж байгаа. Монгол Улсын банкны салбарт өөрчлөлт, шинэчлэлтүүдийг хэрэгжүүлэх, “хар”, “саарал жагсаалт”-аас гаргах ажлыг гүйцэтгэх шаардлагатай энэ цаг үед өндөр боловсролтой залуучуудад Улсын Их Хурал итгэл хүлээлгэж байна. Цахим банкны тогтолцоог бий болгох, иргэддээ ээлтэй, ил тод банк санхүүгийн зуучлалын үйлчилгээг хөгжүүлэхэд манлайлж ажиллана гэдэгт итгэж байна. Онцгой хичээж, чармайж ажиллахыг үүрэг чиглэл болгож байна” гэлээ.
Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 39 нь буюу 77.7 хувь нь Г.Энхтайваныг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжсэн юм. Байнгын хорооны саналыг ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.