СЕХ-ны орон тооны бус гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандорж нарыг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.30\ хуралдаанаар С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томиллоо.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийн нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож буйг тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдаанд танилцуулав.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.
Нэр дэвшигч Сайннямбуугийн Баатаржав нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн, бригадын генерал цолтой. Төрийн албанд 30 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1990 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэхийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 2004 онд Оросын холбооны Улсын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг удирдлагын хөтөлбөр, 2009 онд Монголын үндэсний дээд сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. 1990-1995 онд Төв аймгийн Цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах тасагт, мөрдөн байцаагч, 1995-1998 онд Төв аймгийн Цагдаагийн хэлтэс, Эрүүгийн тасагт эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, 1998-1999 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Хөтөл сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, 1999-2002 онд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, 2004-2008 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Газрын дарга, 2008-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын Газрын дарга, 2012 онд Мөрдөн байцаах газрын дарга, 2012-2013 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, 2013-2014 онд Цагдаагийн ерөнхий газарт Тэргүүн дэд дарга, Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Газрын дарга, 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн захирал, 2017 оноос Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж иржээ.
Нэр дэвшигч Барсүрэнгийн Баасандорж нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, төрийн албанд 18 дахь жилдээ ажиллаж байна. 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2011 онд Америкийн Нэгдсэн Улсын Калифорнийн Олон Улсын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн. 2001-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газарт шинжээч, референт, зөвлөх, ахлах зөвлөх, 2013-2015 онд Хууль зүйн яамны Хууль зүйн бодпогын газрын дарга, 2015-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018 оноос өнөөг хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж байгаа аж.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, улс төрөөс хараат бус байж, хуулийн хүрээнд ажиллахыг онцгойлон анхааруулж байлаа. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан өнгөрсөн хугацаанд хэчнээн иргэд, сонгогч шилжилт хөдөлгөөн хийснийг тодруулсан.
Сонгогчдын шилжилт хөдөлгөөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлээр зохицуулагдаж байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга хариултдаа тодотгоод, иргэний шилжилт хөдөлгөөнийг хуульд заасны дагуу 02 сарын 01-нээс зогсоосон. Жил бүрийн нэгдүгээр сарын 01-нээс хоёрдугаар сарын 01-ний өдрийн хооронд иргэний шилжилт хөдөлгөөн дунджаар 16-18 мянга байдаг бол 2020 оны эхээр 35-40 мянга хүрч ихэссэн гэж байлаа.
Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээс Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг чөлөөлж, орон тооны бус гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандоржийг нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.