Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томиллоо
2020.05.07

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.05.07/  нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томиллоо.

Албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцууллаа. 

Мөн тэрбээр Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Г.Дөлгөөнийг томилуулах саналаа танилцууллаа. Нэр дэвшигч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн, 2004-2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2013-2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ. Г.Дөлгөөн 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-20103 онд Монголбанкны Бүртгэлийн хэлстийн нягтлан бодогч, 2010-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембурийн Вант Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын  ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж. Түүний эдийн засаг, банк санхүү, удирдлагын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзан үзэж дээрх албан тушаалд томилуулах саналаа Монголбанкны ерөнхийлөгч танилцуулав. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас О.Эрдэмбилэгийг чөлөөлөх, тус албан тушаалд Г.Дөлгөөнийг томилохыг дэмжсэн байна.

Нэр дэвшигчийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгч болон нэр дэвшигчээс хариулт авлаа.

Төрийн банктай холбоотой шүүхийн шатанд байгаа асуудлуудын явц, тус банкыг удирдах явцдаа гаргасан амжилт, үйл ажиллагаанд нь нэвтрүүлсэн менежментийн дэвшлийн талаар Х.Нямбаатар гишүүн асууж, нэр дэвшигч Г.Дөлгөөнөөс хариулт авсан. 2018 оны 01 дүгээр сард Төрийн банк 20 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бөгөөд тус банкыг удирдаж ажиллах хугацаандаа чанаргүй зээлийг бууруулах, бизнесийн үйл ажиллагаа, цар хүрээг тэлэх чиглэлд анхаарч ажилласан. Үүний үр дүнд 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар түүхэн ашиг буюу 21 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэлээ. Зээлийн хүүгийн талаарх гишүүдийн асуултад тэрбээр хариулахдаа “Банк нь санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Эх үүсвэрийн дийлэнх дотоодоосоо авдаг гэсэн ойлголттой байна. Системийн хэмжээнд 34 их наяд төгрөгийн актив эргэлдэж байдгийн 15-16 орчим их наяд төгрөг зээлийн бүтээгдэхүүн болж гарсан. Тиймээс нэн тэргүүнд эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр эрчимтэй ажиллах нь зохистой” гэлээ.

2018 оны хуулиар Монголбанкны удирдлага хамтын шийдвэр гаргадаг болсноороо онцлогтой гэдгийг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэлээд, нэр дэвшигчидтэй хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн ФАТФ-ын "саарал жагсаалт"-аас гарах асуудлын явцын талаарх гишүүдийн асуултад хариулт өгсөн. Монгол Улс 2019 оны 10 дугаар сард ФАТФ-ын “саарал жагсаалт”-д бүртгэгдсэн. Шийдвэрлэх шаардлагатай зургаан асуудал байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо болсон Хамтын ажиллагааны зөвлөлийн хурлаас гурван асуудлыг шийдсэн гэдэг дүгнэлт гаргуулжээ. Гурван асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд коронавирус (КОВИД-19)-ын цар тахалын халдварын тархалттай холбоотойгоор уулзалтууд цуцлагдаж байгаа талаар Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч мэдээлэв. Гэсэн хэдий ч Монгол Улсыг “саарал жагсаалт”-аас гаргах үүрэг бүхий Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 05 дугаар сарын 11-нд Олон улсын хамтын ажиллагааны Хамтын ажиллагааны багтай хуралдах товтой байгаа юм байна. Энэ үеэр асуудлуудаа хамгаалж чадсан тохиолдолд энэ ондоо багтаан “саарал жагсаалт”-аас гарах магадлалтай гэлээ. Европын холбооны “хар жагсаалт”-ын асуудлын тухайд "ФАТФ-ын “саарал, хар жагсаалт”-д байгаа улсуудыг Европын холбоо шууд “хар жагсаалт”-даа бүртгэх журам одоогоор хэрэгжиж эхлээгүй байгаа. Хэрэгжиж эхлэх юм бол эрсдэлтэй. Тиймээс Монголбанк болобн холбогдох төрийн байгууллагууд асуулга, тодруулгаа Европын холбоонд хүргүүлсэн байгаа” гэлээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчээс хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Эхлээд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэгийг чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 74.5 хувь нь дэмжин холбогдох тогтоолын төслийг батлав. Иймд “Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга уншиж танилцуулсан. Дараа нь Г.Дөлгөөнийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 38 буюу 76 хувь нь дэмжлээ. Иймд “Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм.