Дээрх гурван хүнтэй нэгдүгээр зэргийн хавьталтай 111 иргэнээс шинжилгээ авсан бөгөөд 61-ийнх нь хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д ажиллах эмч, сувилагч, асрагч нарын тоог нэмэх, халдвар авсан иргэдийн эмчилгээнд онцгой анхаарах зэргийг Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин үүрэг болголоо. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг авч ирэхээр “МИАТ” компанийн онгоц 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсыг зорих гэж байна.
Одоогоор аймаг, хот хоорондын зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Их, дээд сургууль, коллеж, МСҮТ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг сунгах эсэхийг ойрын өдрүүдэд шийдвэрлэхээр болов. Мөн холбогдох яам, байгууллага, аж ахуйн нэгжүүд бэлтгэлээ бүрэн хангасны дараа нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэх эсэхийг хэлэлцэх юм.