Д.Сарангэрэл: Орчуулагч, жолооч, KFC-гийн ажилтан зэрэг хүмүүсийг тусгаарласан
Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Тухайн иргэний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Өнөөдрийн хүртэл коронавирусийн халдвар Монголд бүртгэгдээгүй байлаа. Харамсалтай нь гаднаас зөөвөрлөгдөн бүртгэгдлээ.
Тухайн иргэн гуравдугаар сарын 7-ны өдөр бие зарайгаад байна гэсэн өгүүлэмжтэй кэмпийнхээ эмчид хандсан. Халууныг нь үзэхэд 37.4-тэй байсан. Гадаадын иргэн халуурсан шинж тэмдэгтэй байсан учраас түүний уулзсан, галт тэргэнд хамт зорчсон, зочид буудлын ажилчид зэрэг хүмүүсийн бүртгэлийн гуравдугаар сарын 7-ноос эхлэн хийж, хаягжуулалт хийсэн.
Улаанбаатар 40, Дорноговь аймагт 80 хүнтэй уулзсан. Эдгээр хүмүүст өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгсөн.
Галт тэргээр зорчсон 28 хүн, онгоцонд тухайн иргэний суудлаас урагш, хойш, хажуу талын тус бүр гурван эгнээний зорчигдын нэрс бүгд байгаа. Өнгөрсөн шөнө 01:30 цагт шинжилгээний хариу гарсан даруйд иргэдийн нэрсийн дарааллын дагуу ХӨСҮТ-д авчирч, шинжилгээ авч байгаа.
Франц иргэн Дорноговь аймагт кэмпдээ тусгаарлагдсан. ХӨСҮТ-ийн хоёр баг шаардлагатай эм, тариа, тоног төхөөрөмжтэйгээр Дорноговь аймгийг зорьсон.
Францын Элчин сайдын яамнаас манайд бичиг ирүүлсэн. Уг бичигт “Онош батлагдаагүй байхад тухайн улсын болон компанийн нэр хүндэл халдаж, олон нийтийн зүгээс ялгаварлах хандлага гарахаас болгоомжилж байна” гэсэн байсан.
Өвчтөнийг зөөвөрлөх эсэхийг тус аймагт ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс шийднэ. Миний авсан мэдээллээр тухайн иргэний байгаа кэмп тохижилт сайтай, хүчин төрөгчийн хангамж өгөх бололцоотой гэсэн. Дорноговь аймаг нь дижитал рентргэн аппараттай учраас уушгинд нь ямар өөрчлөлт гарсныг газар дээр нь үзэх боломжтой.
Иргэддээ хандаж гуравдугаар сарын 30-н хүртэл тогтоосон каринтинийг сахин биелүүлэхийг хүсч байна. Аль болох тархалтыг хумих арга хэмжээ авч байна. Тиймээс иргэд ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсээ халамжилж, аль болох гадуур явахгүй, маск зүүж, гараа ариутгахыг зөвлөж байна.
Франц иргэний орчуулагч, жолооч болон түүний гар барьж мэндчилсэн хүмүүс, kfc-гийн хоол хүргэж өгсөн ажилтан зэрэг хүмүүсийг нэгдүгээр хавьталд тооцон тусгаарласан. Голомтод ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдийг 14 хоногийн хугацаатай тусгаарлана" гэлээ.