Монгол Улс 2020 онд Саарал жагсаалтаас гарч чадах уу?
2020.02.17

Монгол Улс 2020 онд Саарал жагсаалтаас гарч чадах уу?

Монгол Улс Саарал жагсаалтаас гарах санаачилга дээр шийдвэр гаргагчид нэгдмэл бус байгааг улстөрчдийн мэдэгдэл харууллаа.  

Саарал жагсаалтаас гарах ажлын хүрээнд долоон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байв. Тэгвэл эхнээсээ энэ чиглэлээр хийж буй эрх зүйн шинэчлэл нь УИХ дээр унасан талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар бухимдан мэдэгдэл хийсэн нь саяхан билээ. 

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 17-ны УИХ-ын чуулганаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, хамт дагаж өргөн мэдүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслүүдийг хэлэлцэхдээ Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэг заалтыг УИХ-ын гишүүд олонхоороо дэмжилгүй унагасан юм.

Энэ тухай УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “18.3 буюу татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх гэмт хэргийг шинээр хүндрүүлсэн бүрэлдэхүүнтэй томьёолох энэ заалт маань уначихлаа. Өөрөөр хэлбэл, Саарал жагсаалтаас гарах, бидний хамгийн гол төлөвлөгөө бол ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, татвар төлөхөөс их хэмжээгээр зайлсхийж байгаа буюу 300,000 нэгжтэй тэнцэх хэмжээний татвар ногдох орлогоос зайлсхийж байгаа ААН-үүдийг торгодог тусгай санкцтай болъё гэдэг нэмэлт өөрчлөлт уналаа. 

Энэ бол олон улсын байгууллагуудын шаардлагаар орж ирсэн зүйл. Саарал жагсаалтаас гарахын тулд төрийн бүх байгууллага ФАТФ-ын өгсөн зөвлөмжийг биелүүлэхийн төлөө ажиллах ёстой байсан. Гэвч өмнө нь бизнес эрхэлж байсан бүх бизнесмэн гишүүд эсрэг санал өглөө. Ингээд Саарал жагсаалтаас гарах ажил нэг алхам хойшиллоо. 
Энэ бол татвар хожимдуулах тухай ойлголт биш, татварынхаа дансыг нууж, 3 тэрбум төгрөгийн орлого олчихоод улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүй байхыг гишүүд хууль ёсны үйлдэл гэж үзэж байгаа хэрэг" хэмээн тайлбарласан юм. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Х.Нямбаатар гишүүнтэй нэгдсэн байр суурьтай байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ илэрхийлсэн. Тэрбээр “Х.Нямбаатар гишүүн зөв л ярьсан шүү дээ. Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгахтай холбоотой нэмэлт арга оруулах тухай хуулийн заалт бас унасан. Энэ нь байдлыг улам түвэгтэй болгож байна. Саарал жагсаалтаас гарахын тулд бүх тал хичээх ёстой. Түүнээс биш 10-20 хүн гүйгээд хэрэггүй. Саарал жагсаалтад удаан байх нь бидэнд ашиггүй” гэсэн билээ.

Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт Эдийн засгийн байнгын хороо Намрын чуулганаар хийсэн ажлаа танилцуулах үеэр тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дээрхээс эсрэг тэсрэг байр суурь илэрхийлэв. Тэрбээр “Саарал жагсаалттай холбоотойгоор хууль эрх зүйн орчинд өөрчлөлтүүд орсноос зөвхөн Эрүүгийн хуульд орсон татварын өөрчлөлт л УИХ дээр унасан. Энэ бол Саарал жагсаалттай холбоотой асуудал биш ээ. 

300 сая төгрөгийн татварын орлого нуусан бол гэхээр бүх аж ахуйн нэгж хамаарна. Тэгэхээр Монгол Улсын бүх аж ахуйн нэгж ямар нэгэн байдлаар татварын орлого санаатай болон санамсар болгоомжгүй байдлаар нуусан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох заалт Их хурал дээр унасан. Ингэх шаардлагагүй. Дэлхийн ямар ч улсад ийм зүйл байхгүй. Татвартай холбоотойгоор хорино, цагдана гэдэг бол хоцрогдсон гэдгийг эрх баригч нар ойлгох ёстой. Харин торгодог бөгөөд тэртэй тэргүй буруу үйл ажиллагаа явуулдаг, өөрийнхөө үйл ажиллагааг засаж чаддаггүй, эсвэл төртэй холбоотой асуудал үүсдэг бол зах зээлээс аяндаа шахагддаг” гэсэн юм.  

Түүнчлэн Саарал жагсаалтад орсонтой холбоотой Эдийн засгийн байнгын хороонд ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжсэн бөгөөд хууль тогтоомжтой холбоотой асуудлуудыг эцэслэн шийдсэн гэдгийг тэрбээр нэмж хэллээ. Өөрөөр хэлбэл, энэ талаар дахин чуулганаар хэлэлцэхгүй аж. 

Шийдвэр гаргагчид ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу мөнгө угаахтай холбоотой эрх зүйн зохицуулалт дээрээ санал нэгдээгүйгээс хууль эрх зүйн нэг гол шинэчлэлээ хийж чадалгүй Намрын чуулган завсарласан. Хаврын чуулганаар энэ өөрчлөлтийг хэлэлцэхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэлсэн.

ФАТФ Монгол Улсын эрсдлийг үнэлэхдээ "татвараас зугтах өндөр эрсдэлтэй" хэмээн дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, татвараас зайлсхийх үзэгдэл түгээмэл бөгөөд түүнийг хянах тогтолцоо сул гэж үзсэн. Ялангуяа, татвараас зугтсан хэргүүдийг мөрдөх гэхээр хөөн хэлэлцэх хугацаа нэг жилээр дуусгавар болдог зэрэг эрх зүйн бэрхшээл байсаар байгаа тул ийнхүү хуулийн хүрээнд өөрчлөлт оруулах замаар чангатгах оролдлого хийсэн боловч УИХ олонхоороо дэмжилгүй унагасан юм.  

Тэгэхээр Монгол Улс 2020 онд багтаж Саарал жагсаалтаас гарна гэдэг төлөвлөгөө бүтэхгүй байж мэдэх нь.