Ж.Ганбаатар: Татвартай холбоотой асуудалд хорьж, цагдана гэж ярих нь хоцрогдсон
2020.02.07

Ж.Ганбаатар: Татвартай холбоотой асуудалд хорьж, цагдана гэж ярих нь хоцрогдсон

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2020.02.07) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2019 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

Танилцуулгын дараа сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө. 

-ОУВС-гийн хөтөлбөр цаашид үргэлжлэх үү? Тэтгэврийн зээлийг тэглэхэд ОУВС ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-ОУВС-гийн хөтөлбөр энэ дөрөвдүгээр сараас цаашид  яаж үргэлжлэх вэ гэдгийг Засгийн газар ОУВС хоорондоо шийднэ. УИХ дээр яригдана. Эдийн засгийн байнгын хорооны дарга биш УИХ-ын гишүүны  хувьд байр сууриа хэлэхэд ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх онц, ноцтой шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Тэтгэврийн зээлийн тэглэлтийн тухайд ОУВС өнөөдрийн байдлаар ЭЗБХ-нд ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. 

-"Саарал жагсаалт"-аас гарах асуудлаар хоёр хууль унасан гэсэн. Ямар шийдвэр гарган хэрэгжүүлэх вэ?

Саарал жагсаалттай холбоотойгоор хууль эрх зүйн орчинд өөрчлөлтүүд орсон. Ганцхан Эрүүгийн хуульд орсон татварын өөрчлөлттэй холбоотой заалт УИХ-дээр унасан. Энэ заалт саарал жагсаалттай холбоотой асуудал биш.

Эдийн засгийн байнгын хороон дээр ирсэн саарал жагсаалттай холбоотой дөрвөн асуудлын хүрээнд дэмжээгүй ямар нэгэн зүйл байхгүй. Саарал жагсаалттай холбоотой хууль тогтоомжийн асуудлууд эцэслэн шийдвэрлэгдсэн. Х.Нямбаатар гишүүн татвар ногдуулах орлого гэж буруу тайлбарласан. 300 сая төгрөгийн татварын орлого нуусан бол гэхээр бүх аж ахуйн нэгж хамаарна.

1.5 тэрбум, 2.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд ЖДҮ эрхлэгч нар. Монгол Улсын бүх ААН-үүд ямар нэгэн байдлаар татварын орлогоо санаатай болон санамсаргүйгээр нуусан эсвэл ойлгомжгүй байдлаар тайлагнасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт УИХ дээр унасан. Дэлхийн ямар ч улс оронд ийм зүйл байхгүй.

Татвартай холбоотой асуудалд хорьж, цагдана гэж ярих нь хоцрогдсон гэдгийг эрх баригчид ойлгох ёстой.Торгох, зах зээлийн  үйл ажиллагаанд нь хяналт тавих тухай асуудал л байх ёстой. Зах зээлийнхээ зарчмаар шахагдаж гардаг дэлхийн жишиг бий.

-"Оюутолгой"-той холбоотой УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж байна уу? 

-Оюутолгойтой холбоотой асуудал дээр ЭЗБХ тогтоол батлаад УИХ-д өгсөн. УИХ-аас Засгийн газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. 

-"Оюутолгой"-г 34 хувийг зарж, татвараа авах тухай ярьж байна. Энэ талаар хэлэлцсэн үү?

-Яг энэ асуудлаар Л.Оюун-Эрдэнэ сайдаас асуусан нь зөв. Их хурлын тогтоол дээр Дубайн гэрээг сайжруулахаар заасан байгаа. 34 хувийг татвар хэлбэртэй болгоё, буцаая гэсэн асуудлыг ажлын хэсгийн ахлагч тодорхой хариулах байх.