О.Баасанхүү гишүүн хорио, цээрийн хугацаанд банкны хүү зээлийг түр зогсоох санал гаргалаа
2020.02.12

О.Баасанхүү гишүүн хорио, цээрийн хугацаанд банкны хүү зээлийг түр зогсоох санал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.12/ “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлиг гаргасан билээ. Тэрхүү зарлигаа Засгийн газарт өргөн барьж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигийг дэмжсэн юм. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ерөнхийлөгчийн цагаан сарыг тэмдэглэхгүй байх санал буруу биш. Өөрсдийн эцэг, эх болон ах дүү нартаа зөвөөр ойлгуулах хэрэгтэй" хэмээгээд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газар болон Ерөнхийлөгчид санал хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Түүнийгээ албан бичгээр хүргүүлэхээ илэрхийлсэн юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ "Өнөөдөр манай улсад цалин болон бизнесийн зээлтэй олон иргэн байна. Энэ хүмүүс давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж тогтмол орлогоо алдаж байна. Тэд банкны хүү, зээлээ төлөх нь хэцүү болно. Иймд би санал гаргаж байна. Миний саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар анхаарч үзэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн онцгой нөхцөл байдал бий болсон энэ үед зээлийн хүүг, зээлийг тодорхой хэмжээнд түр зогсоох хэрэгтэй байна" хэмээн тодотголоо.