Д.Оюунхорол: Зээлийн өргүй болсон ахмадууд сар шинийн өмнө тэтгэврээ хэвийн авч эхэлнэ
2020.02.04

Д.Оюунхорол: Зээлийн өргүй болсон ахмадууд сар шинийн өмнө тэтгэврээ хэвийн авч эхэлнэ

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Байгалийн баялгийн хишгээс ахмадууддаа хүртээж тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг та ахалж ажилласан. Ажлын хэсэг өргөн барьсан төсөл дээр нэлээд өөрчлөлт оруулж батлуулсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Энэ нийгмийг бүтээхийн төлөө залуу, халуун насаа харамгүй зориулан үр хүүхэд, залуус хойч үеийнхэндээ туурга тусгаар эх орон, газар шороо, эрх чөлөөт амьдралыг хөдөлмөр тэмцлээрээ дархлан үлдээж, бидний эдэлж хэрэглэж байгаа бүхнийг борви бохис хийлгүй зүтгэж бүтээсэн ахмадууд маань амьжиргааны гол эх үүсвэр болсон тэтгэврийн хэдэн төгрөгөө барьцаалан 1-2 жилээр зээл авснаар удаан хугацаанд өөрийн гар дээр барих орлогогүй болсноор санхүүгийн болон сэтгэл зүйн ихээхэн дарамтад ордог.

Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг нэг удаа тэглэх харилцааг зохицуулах Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахлан ажиллалаа. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсад нийт 421 мянган иргэн тэтгэвэр авч, дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байна. Тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270 - 370 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ хууль батлагдсанаар Үндсэн хуульдаа тусгасан “газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх” заалт хэрэгжих, ахмадууд тэтгэвэр барьцаалсан зээлийн өрөөс чөлөөлөгдөх, цаашид дахин тэтгэврийн зээлийн дарамтад өртөхгүй байх зэрэг олон ач холбогдолтой. Нөгөө талаас, иймэрхүү хэмжээний эдийн засгийн томоохон шийдвэр, арга хэмжээ манай улсын түүхэнд урьд өмнө нь авч байгаагүй. Мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүс хүртдэг байсан байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэндээ хүртээж болдог юм байна гэдгийг энэ хуулиар харууллаа.

-Тэтгэврийн зээлийн өрийг тэглэлээ гэхэд эргээд зээл авах эрх нь хаагдчихаж байгаа юм уу?

-Анх өргөн барьсан хуулийн төслөөр тэтгэвэр барьцаалсан зээлийг бүрмөсөн хаахаар байсан ч ажлын хэсэг дээр ярилцаад жилд нэг удаа зургаа хүртэлх сарын хугацаатай зээл авч болох эрхийг нь нээж өгсөн.

-Нэг сая төгрөгийн Бондны оронд мөнгөө бэлнээр өгөх ёстой ч гэх зүйл нийгэмд ажиглагдаж байсан. Бондыг хэзээнээс мөнгө болгож тараах вэ?

-Нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган иргэн тэтгэврийн зээлтэй. Зээлийн үлдэгдэл 762.1 тэрбум төгрөг байгаа юм. Үүнээс 207.5 мянган иргэн зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй. Цаана нь тэтгэврийн зээлгүй 192 мянган ахмад байгаа. Ажлын хэсэг олон удаа хуралдаж тооцоо судалгаа хийж зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийг чөлөөлөх, зээлгүй ахмадууддаа нэг сая төгрөгийн өртөг бүхий бонд, саяас бага зээлтэй ахмадууддаа нэг сая төгрөгийн зөрүүд нь Бонд олгохоор шийдвэрлэж хуулийн төслийг батлуулсан. Эрдэнэс Монгол компанийн Салхитын алт, мөнгөний ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан Бонд гаргаж байна. Салхитын мөнгөний орд ирэх зун олборолтоо явуулж, түүхий эдээ тушааж байж мөнгөтэй болно. Тиймээс Бондоо 2021 оны тавдугаар сарын 1-н гэхэд мөнгө болгож болно гэж тусгасан.

-Тэтгэврийн зээл яг хэзээнээс тэглэгдэх вэ. Нийгэмд өндөр хүлээлттэй байх шиг байна?

-Сар шинийн өмнө хуулийн хэрэгжилтийг хангахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Зээлийн өргүй болсон ахмадууд маань сар шинийн өмнө тэтгэврээ хэвийн авч эхэлнэ.

-Энэ Бонд нөгөө цэнхэр тасалбар шиг мянган төгрөгөөр зах дээр арилжаалагдаад эхлэхгүй байгаа гэх болгоомжлол ч байналээ...

-Энэ асуудалд их анхаарч ажилласан. Бондоо яг эзэнжүүлж олгоно. Овог нэр, регистерээр бүртгэгдсэн эзэн нь юм уу, эсвэл хуулийн дагуу өв залгамжлагч нь бичиг баримттайгаа очиж байж мөнгөө авах эрхтэй байхаар төлөвлөсөн.

-Өв залгамжлах асуудал хэрхэн шийдэгдэв?

-Бонд мөнгөжтөл жил хагасын хугацаа байна. Энэ хугацаанд өвдөж зовох, эндэх гээд янз бүрийн л асуудал гарна. Энэ тохиолдолд үр хүүхэд нь хуулийн дагуу өв залгамжлах эрхтэй.