Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулна
2020.01.16

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.16\ нэгдсэн хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2017 оны тайланд дэлхийн хэмжээнд нийт 64.6 сая оюуны өмч бүртгэлтэй байгаа аж. Сүүлийн жилүүдэд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт, өргөдлийн тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд шинэлэг санаа, дэвшилтэт техник, технологи хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөөр байгаа юм.

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа  холбоогүй зохицуулалтууд байсаар байгаа нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн боловсруулжээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас зарчмын зөрүүтэй болон найруулгын 25 санал гаргасныг чуулганы хуралдаанаар нэг бүрчлэн санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.