Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүдийг  томилов
2020.01.08

Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүдийг томилов

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.08/ нэгдсэн  хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны гишүүнээр, Б.Ганбат, Г.Байгалмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, О.Амгаланбаатар нарыг томиллоо. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг СЕХ-ны гишүүнээс чөлөөлөв.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд, СЕХ нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байхаар заасан. Түүнчлэн хорооны гишүүний тавыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилохоор зохицуулсан байдаг. Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн өөр ажилд томилогдсон учраас гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлага үүсчээ.

Энэ үндсэн дээр Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд, заасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Бямбажавын Ганбатыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Нэр дэвшигч Б.Ганбат нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй, 1990-1995 онд Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч,  1995-2013 онд Сангийн яамны Тамгын газар, Хуулийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлага, эрх зүйн газарт хуулийн зөвлөх, хуулийн ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга бөгөөд хуулийн хэлтсийн дарга, яамны Хууль, эрх зүйн газрын орлогч дарга, газрын даргаар ажиллаж байжээ. 2014-2018 онд Дэлхийн банканд експерт, Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа. Тэрбээр өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр  ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дууссан аж. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч ЕТГ-ын дэд даргаар ажиллаж байгаа Гочоосүрэнгийн Байгалмаа, УУХҮЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа Эрдэнэбилэгийн Батболд нарыг СЕХ-ны гишүүнээр томилуулахаар санал болгожээ. Энэ талаарх Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчдийн товч намтрыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.

Мөн Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Дугардоржийн Баяндүүрэн, Одонмажигийн Амгаланбаатар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгож, нэр дэвшүүлжээ. Нэр дэвшигч Д.Баяндүүрэн нь 2019 оны 11 дүгээр сарын 29-нд болсон Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 93.7 хувийн санал авсан бөгөөд тэрбээр 2006 оноос өнөөг хүртэл СЕХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байгаа юм. Харин нэр дэвшигч О.Амгаланбаатар нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 64.7 хувийн санал авсан бөгөөд 2018 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.     

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх нэр дэвшигчдийг томилж, чөлөөлөхийг дэмжсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжлээ. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжиж, энэ талаарх тогтоолыг баталлаа.