2019.12.18

Б.Бат-Эрдэнэ: Эрүүгийн хуулийг эхэлж хэлэлцээд нэг талд нь шийдмээр байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.12.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Сонгуулийн хууль бол батлагдах цаг нартай учраас батлагдах нь дамжиггүй. Тиймээс хэлэлцэх асуудлын жагсаалтаа өөрчилж Эрүүгийн хуулийг эхэнд нь оруулж хэлэлцэн нэг талд нь гаргахгүй бол хөөн хэлэлцэх хугацааг будлиулсантай холбоотой маш олон хүмүүс цагаадаад гарсан асуудал байна. Ард иргэд үүнд бухимдалтай байна. 

Авилгал албан тушаалтай холбоотой үндэслэлгүй хөрөнгөжсөн төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой энэ асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй байна. Нэг том авилгачны хөрөнгөтэй холбоотой байшин хаус оффшорт нуусан мөнгийг нь оруулаад ирэхэд л зээлийн барьцаанд орсон байгаа 300 мянган ахмадын асуудлыг шийдэхээр байна шүү дээ.