Сэлэнгэчүүд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар чуулж байна
ХНХЯ, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, ХАБЭА-н үндэсний хороо хамтран арваннэгдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймагт “Эрүүл аюулгүй хөдөлмөрийн төлөө” уриан дор чуулган зохион байгуулж байна.
ХАБЭА-н аймгийн чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэг, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, аймгийн засаг даргын орлогч Ч.Сайнцог, АОЭНХ-ны зөвлөх П.Тунгалаг болон албаны бусад хүмүүс урилгаар оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн тулгамдсан асуудлуудаа шийдэх арга замуудыг хэлэлцэнэ. Мөн чуулганд оролцогчид орон нутгийн тэргүүний сумдын ХАБЭА-н салбар зөвлөл, ААНБ-уудын сайн туршлага солилцож, Сүхбаатар суманд ажил үйлсээрээ тэргүүлдэг таван аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцана.
Тус аймаг уг чуулганаа угтаж аймгийн хэмжээнд “Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангацгаая” бүтээлч ажлын уралдаан, “Залуучууд ослыг тэглэцгээе” эссэ бичлэгийн уралдаануудыг зарласан бөгөөд шилдгүүдээ шалгаруулан урамшуулах зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Чуулганд 17 сум, 6 тосгоны ХАБЭА-н салбар зөвлөл, ААНБ-дын удирдлага, ажилтаны төлөөлөл нийт 400 хүн оролцож байгаа юм. Энэхүү чуулганд МҮЭ-ийн холбоо хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд ерөнхийлөгч X.Амгаланбаатар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцаанд ажилтны үүрэг, хариуцлага” сэдвээр илтгэл мэдээлэл хийнэ.
- Мөн Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны зөвлөх, Олон Улсын тогтолцооны аудитор П.Тунгалаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад ажил олгогч эздийн оролцоо, үүрэг хариуцлага”
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга З.Бауыржан “Хөдөлмөрийн аюулгуй байдал, эрүүл ахуйн бодлого, хууль тогтоомж, анхаарах асуудал”,
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын дарга Г.Нямдэжид “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих”,
- Мэргэжлийн хяналтын өрөнхий газрын Хөдөлмөр хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцоо, өнөөгийн байдал, анхаарах асуудал”,
- Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хөдөлмөрийн аюулгүй байдал. эрүүл ахуйн зевлөлийн дарга Ө.Сувдаа “Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлого үйл ажиллагаа”,
- Орхон сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга Ш.Ганчимэг “Орхон сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн үйл ажиллагаа, сайн туршлага” зэрэг сэдвүүдээр илтгэл мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.