“Айрагны баяр 2019” амралтын өдрөөр өргөн дэлгэр болж өнгөрлөө
2019.10.28

“Айрагны баяр 2019” амралтын өдрөөр өргөн дэлгэр болж өнгөрлөө

“Айрагны баяр 2019” Тусгаар тогтнолын талбайд амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Булган аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд аймгийн 9 сумаас нийт 200 орчим малчдын айраг зарагдаж байна.

Зохион байгуулагчдын төлөвлөснөөр нийт 80 тонн орчим айраг худалдаалагдана гэж тооцоолж байгаа ажээ. Булган аймаг Айрагны баяраа жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил анх удаа нийслэлд зохиогдож байгаагаараа онцлог юм байна.

Энэхүү арга хэмжээнд айраг худалдаалахаас гадна урлагийн тоглолт, дэмбээ, хуруу зэрэг тоглоом, наадгай, хамгийн сайхан айраг шалгаруулах, хэн сайн айраг уух вэ зэрэг тэмцээнүүд зохиогдож байсан. Намрын чимчигнэсэн айраг литр нь 5000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Ингээд “Айрагны баяр 2019” тэмцээний зохион байгуулагч, Булган аймгийн Засаг даргын орлогч О.Гантулгатай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Айрагны баяр жил болгон зохион байгуулагддаг энэ жил нийслэлд болж байгаагаараа илүү өргөн цар хүрээтэй болж байх шиг байна?

-Манай Булган аймаг бол үндэсний брэнд бүтээгдэхүүн айргаараа алдартай нутаг. Жил болгон орон нутагтаа Айрагны баяр зохион байгуулдаг. Энэ жил аймгаа сурталчлах өдөрлөг болгон айрагны баяраа өнөөдөр зохион байгуулж байна. Хүмүүс гайхаад байх шиг байна, намрын адаг сар хүйтний улиралд айрагны баяр хийж болдог юм уу гэж асуугаад байна.

Зуны дэлгэр цагт ард түмэн маань хаанаас л бол хаанаас айраг цагаа идээгээ аваад идчихнэ. Яг одоо энэ хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан үед айраг цагаа ховор байгаа байх. Тийм учраас айрагны баяраа хийж, адууны соёлоо сурталчлах зорилготой зохион байгуулж байна. Нөгөөтэйгүүр орон нутгийн малчид, цагаан идээ үйлдвэрлэгчид маань нийслэлд ирж айраг цагаагаа худалдаалах хүсэлтэй байгаагаа бидэнд илэрхийлж дэмжсэн.

-Өнөөдөрийн арга хэмжээг ямар байгууллагууд дэмжиж оролцсон бэ?

-БОАЖЯ-ны зүгээс биднийг дэмжиж ажилласан. УИХ-ын гишүүн, ХХАХҮ-ийн сайд Ч.Улаан, манай Булган аймгийн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар дэмжиж нээлтийн арга хэмжээнд оролцлоо. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ арга хэмжээнд их ач холбогдол өгч оролцож байгаад аймгийн удирдлагууд талархалтай байгаа. Мөн өнөөдрийн баярт нийт хичнээн литр айраг зарагдаж хэдэн төгрөгний борлуулалт хийгдсэн бэ гэдгийг баярынхаа хаалтын ажиллагаан дээр тооцож гаргахаар ажиллаж байна.