ХАА-н шилдэг бүтээлийн эздийг шагналаа
2019.10.18

ХАА-н шилдэг бүтээлийн эздийг шагналаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-36 дугаар тушаалаар баталсан “Салбарын судалгаа, хөгжлийн ажилд грант олгох журам”-ын дагуу салбарын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд болон тэдгээрийн дэргэдэх гарааны компаниудын эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн 20 бүтээлийг энэ жил  хүлээн авч, шилдгүүдийг шалгаруулсан байна. Сайдын нэрэмжит грант горилж, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлийн бүтээлүүдийг ирүүлжээ.

Бүтээлүүдийг шинжлэх ухааны багтаамж буюу технологийн төвшин, техник эдийн засгийн үзүүлэлт, зах зээлийн эргэлтэдд орох чадамжийн төвшин буюу үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж, ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй төвшин зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь үнэлгээ өгч шалгаруулжээ. Энэхүү шагналыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Дэд сайд Ж.Сауле нар өнөөдөр гардуулан өглөө.

1. Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D),  дэд профессор, В.Энхчимэг удирдагчтай “Завханы улаан сармис болон Алтайн сонгины вирусгүй булцууг гарган авах, тарималжуулах” сэдэвт бүтээл

2. Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Инженер, технологийн сургуулийн Цахилгаан хангамж электроникийн тэнхимийн багш, доктор (Ph.D), Д.Баатархүү удирдагчтай “Шувуу үргээх төхөөрөмж” сэдэвт бүтээл

3.  Мал эмнэлгийн хүрээлэнгийн Гельминт судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), С.Лхагвацэрэн удирдагчтай “Малын цагаан хорхойтой тэмцэх шинэ арга” сэдэвт бүтээл

4.  Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, Б.Баатарцол удирдагчтай “Бактерийн шингэн бордоо” сэдэвт бүтээл

5.  Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн багш, доктор (Ph.D), З.Эрдэнэ удирдагчтай “Малын тэжээлд нэмэлтээр ашиглах целлюлаза ферментийн бэлдмэл үйлдвэрлэх”  сэдэвт бүтээлүүд тус тус шалгарсан байна.

Дээрх эрдэм шинжилгээний бүтээлүүдийг үйлдвэрлэж,  хэрэглээнд нэвтрүүлжээ.