УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.13/ нэгдсэн хуралдаан 50,7 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Болд:
"1990.9.13-д Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент ажиллаж эхэлсэн. Энэ баярын өдрийн халуун мэндчилгээ нийт гишүүддээ дэвшүүлье. Өнгөрсөн 3 сарын хугацаанд Улсын бага хурлын анхны хамгийн том бүтээл болох шинэ ардчилсан Үндсэн хууль. 1992 онд батлагдаад улсын бага хурал ажлаа дуусган УИХ-ын буухиаг залгамжлан бид өнгөрсөн саруудад Үндсэн хуулиа хэлэлцэн явж байна.
Үндсэн хуультай холбоотойгоор Монголын ард иргэд ойлгож, гайхамшигтай цогц бүтээл байсныг нь мэдэрч байгаа. 2000 онд халдлагад өртөн дордуулсан 7 өөрчлөлт оруулснаар ямар их хохирол амссаныг бүгд харсан байх аа. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөд бид нэг чухал зүйлийг оруулсан нь улс төрийн намын хариуцлагын асуудал. Үүнийг хийж чадвал Монголын улс төрийн намууд илүү хариуцлагатай болно.
Харин намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт дотор Улс төрийн намын тухай хууль ороогүй байна. Энэ хууль маш чухал хууль. Яагаад оруулаагүй вэ?
Бид өчигдөр одоо хэрэгжиж байгаа улс төрийн намын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүх дээр 3 цаг орчим удаан хэлэлцүүлэг болж байж ШИНЭ нам улс төрийн нам болж албан ёсоор бүртгүүлсэн. манай намын мянга мянган дэмжигч, гишүүдэд УИХ-ын дарга өчигдөр мэндчилгээ дэвшүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж байна.
Манай нам цаашдаа Монголын хөгжлийн төлөө ажиллаж, улстөрийн хөгжил шинэ замаар явж, цоо шинэ шатанд гарах цагийг авчирна. Хөгжлийн төлөө сайны төлөө аль болох уралдаж шинийг бүтээдэг шинэ цагийн уралдааныг ШИНЭ нам бий болгохын төлөө зүтгэнэ."