Л.Элдэв-Очир:

Зөв зүйлд зөв сэтгэлээр зүтгэх нь чухал


11 минут уншина
Л.Элдэв-Очир: Зөв зүйлд зөв сэтгэлээр зүтгэх нь чухал

Монгол Улс сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн амьдрал, нийгмийн амьдрал, тэр бүү хэл иргэдийн амьдрал ч энэ давтамжаар өрнөдөг боллоо. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, УИХ-ын үйл ажиллагаа, нийгмийн хүлээлт, бизнесийн орчин, улс төрч гэж хэн бэ? зэрэг сэдвээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очиртой ярилцлаа. 

Тэрээр 2016 оны сонгуульд Баянхонгор аймагт ялалт байгуулж, одоогийн дарламентад анх удаа ажиллаж байгаа гишүүн юм. 

Vip76: 2016 онд иргэд итгэл хүлээлгэн сонгосон төрийн түшээд хууль батлах дээд байгууллагад ажиллаад 3 жил болж байна. Та анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. Энэ парламентын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?

УИХ-ын гишүүн хүн ард түмнээс сонгогдсон төлөөлөгч гэдэг утгаараа парламентын үйл ажиллагаанд тасралтгүй оролцож, нийгмийн эрх ашгийн үүднээс өөрийн төлөөллийг бий болгож, хуулиар өгөгдсөн эрх үүргийнхээ дагуу хууль батлах дээд байгууллагад ажиллах ёстой гэдгийг би хувьдаа баримтлан ажиллаж, өнгөрсөн 3 жилийн хугацаанд чамгүй ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай учраас хууль санаачлах, боловсруулах, батлах үйл ажиллагаа амжилттай хийгдэж байна.

“МОНГОЛ УЛС БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТТАЙ УЧРААС ХУУЛЬ САНААЧЛАХ, БОЛОВСРУУЛАХ, БАТЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ХИЙГДЭЖ БАЙНА”

Харин УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагатай холбоотой асуудал санаа зовоож байна. Хуралдаанд цагтаа ирдэггүй, чуулганы хуралдааныг шалтгаангүй тасалдаг. Бусдын өмнөөс санал өгөх гэх мэт асуудал байсан. Хууль шинэчлэгдэн гарсантай холбоотойгоор дээрх асуудлууд засагдаж байна. Гэхдээ өмнө байсан парламентаас одоогийн парламент сайн ажиллаж байгаа. Ингэхээр өмнөх парламентууд их хариуцлагагүй ажиллаж байжээ гэдэг нь харагдаж байгаа юм. Бид нийгэм, улс төрд өмнө нь бий болсон алдаа завхралыг засч залруулахын төлөө танхимын нөхөдтэйгээ хамтран ажиллаж явна. Илүү сайжирна гэсэн итгэлтэй байна.

Vip76: Та сонгуулийн 9-р тойрог буюу Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон. Та яагаад энэ тойргоос нэр дэвшсэн бэ?

2014 оны 01 дүгээр сард аймгийн МАН-ын нөхөд намайг намын даргаар ирж ажиллахыг урьсан. Тухайн үед нам ялагдсан, нөхцөл байдал хүнд байна. Эв нэгдлийг зангидаж явах хүн хэрэгтэй байгаа тул та ирээч гэсэн юм. Тэгээд хоёр жил намын даргаар очиж ажилласан. Би багаасаа эцэг эхээ дагаад нутгаасаа гарсан. Аймгийн намын даргаар очиж ажиллах маань төрсөн нутагтаа эргэн очих боломж олгосон.

Баянхонгор аймгийн нийт 104 багаар явж ард иргэдтэй уулзаж, амьдрал ахуйтай нь танилцсан. УИХ-ын гишүүн хүн бол итгэлийг нь хүлээсэн нутгийн ард иргэдийнхээ төлөө ажиллах зайлшгүй шаардлагатай байдгыг ойлгосон. Үүний зэрэгцээ намын бодлогоор Баянхонгор аймгаас нэр дэвшиж, сонгогдсон юм. Би хувьдаа улс төрд орж, УИХ-ын гишүүн болох нь зөв үү гэж их бодсон. Эцэст нь шийдвэр гаргасан даа.

Намайг тойрогтоо нэр дэвших сургаар нэг нөхөр энэ тойрогт амлан авч баахан ярьсан. Тэгээд ч би түүнд “нэг тойрогт халз үзнэ” гэдгээ хэлсэн. Тухайн хүн намайг 9 дүгээр тойрогт өрсөлдөхийг санал болгож, энэ тойрогтоо нэр дэвшин, ялалт байгуулж, нутгийн ард түмнийнхээ итгэлийг дааж төрийн хууль батлах дээд байгууллагад ажиллаж байна.

Vip76: Та тойрогтоо ЖДҮ-ийг дэмжих зорилгоор өөрийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрүүд байгуулж өгсөн. Мөн тойргийн иргэдтэйгээ тогтмол уулзалт зохион байгуулдаг. Иргэд төр засгаасаа хамгийн хүсч байгаа зүйлс юу байдаг вэ?

Зөвхөн Баянхонгор аймаг ч биш нийт улсын хэмжээнд хамгийн хэрэгтэй зүйл бол ажлын байр бий болгох юм. Үүнийг төр биш хувийн хэвшлийнхэн л хийнэ. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага ч ЖДҮ-ийг дэмжих, ялангуяа хоршоо хэлбэрээр үйл ажиллагааг нь дэмжих болсон. Дэлхийн 7 тэрбум хүний 3 хүн тутмын 1 нь жижиг дунд бизнес, хоршооллын хэлбэрээр ажиллаж байна.

Хөдөөд тулгамдаж байгаа асуудал их байдаг. Тэр дундаа хөдөөгийн малчдын амьжиргааны эх үүсвэр болсон малын гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх чухал болоод байна. Хэдхэн жилийн өмнө хонины нэхий хаа газрын жалганд хаягддаг байсан. Өнгөрсөн жил ч идэш, бойны цагаар арьс шир, гэдэс дотрыг ашиглахгүй шууд хаяж байсан. Тэгэхээр малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг үнэд оруулахын тулд жижиг дунд үйлдвэрлэлийг зайлшгүй дэмжих шаардлагатай.

“ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР БОЛ МОНГОЛЧУУДЫН ҮЕИЙН ҮЕД АВЧ ЯВАХ ЁСТОЙ ХӨГЖЛИЙН СУУРЬ ЮМ”

Улсын сан хөмрөг хязгаартай учраас өөрийн хувиасаа хөрөнгө оруулалт хийж тойрогтоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийгээ дэмжиж байна. Эхний ээлжинд 6 суманд арьс шир боловсруулах жижиг цехүүдийн тоног төхөөрөмж нийлүүлсэн. Өнөөдөр энэ үйлдвэрүүд маш амжилттай ажиллаж байна. Тэд малчид, аялагчидад зориулж хонь, ямааны арьс, үхрийн шир боловсруулж, аяны хөнжил /мишок/ хийж байна. Үнэгүйдэж байсан нэхий, арьс шир эргэлтэнд орж 500 төгрөгийн нэхий 40,000 төгрөгийн үнэд хүрээд байна.

Vip76: Та УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар 2 жил ажилласан. Салбарын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах тал дээр хэр ажилласан бэ?

Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон. Хуучин нийгмийн үед ч улсын хөгжлийн гол үзэл санааг Монгол орон бол хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон юм гэж маш шинжлэх ухаанчаар гаргасан байдаг. Энэ үзэл санаа шилжилтийн хэдэн жил сарнисан хэдий ч эргээд бүгд хөгжлийн үзэл санаагаа эргээд олж байна.

Хөдөө аж ахуйн салбар бол Монголчуудын үеийн үед авч явах хөгжлийн суурь юм. Уул уурхай, эрдэс баялаг бол шавхагддаг, түр хугацааны хөрөнгийн эх үүсвэр байж болох хэдий ч урт хугацаанд энэ улсын хөгжлийн гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй юм. Тиймээс энэ салбартаа тулгамдаад байгаа олон асуудлыг хуулийн хүрээнд цогцоор нь шийдэх нөхцөл үүссэн.

Сүүлийн жилүүдэд малын эрүүл мэндийн асуудал тулгамдсан. Үүнийг дагаад малын гаралтай бүтээгдэхүүний чанар муудсан. Энэ асуудалд төр анхаарлаа хандуулж Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсан. Мөн малын үржил селекцитэй холбоотой Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсан юм. Одоо энэ салбарт Хоршооны тухай хууль хэрэгтэй байна. Хоршоо хэлбэрээр явахгүй бол жалгын нэг айл мал аж ахуй, амьдралаа авч явахад хүндрэлтэй болж байна.

Малын тоо их болсон. Малаа дагаад малчид өөрсдөө амь нас эрүүл мэндээрээ эрсдэлд орж байна. Тиймээс хөдөлмөр хорших нь зайлшгүй юм. Том зургаар нь харвал, нэг сум нэг хоршоо, нэг баг нэг хоршоо гэсэн хэлбэрээр бэлчээрийн асуудал, малын эрүүл мэндийн асуудал зэргээ хамтдаа шийдэх боломж бүрдэх юм.

Мөн Бэлчээрийн тухай хууль өргөн баригдахаар төсөл нь бэлэн болсон. Ингэж мал аж ахуйн салбарын хуулиуд цогцоороо бүрдэж байж хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн асуудал шийдэгдэнэ.

“БИ ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС ӨӨРИЙН ЭЗЭМШИЖ БАЙСАН MCS КОМПАНИЙН ХУВЬЦААГ БОРЛУУЛЖ ЭХЭЛСЭН”

Vip76: Та бол Монголын бизнесийн салбарын томоохон компанийн хувь эзэмшигч. Энэ ч утгаараа бизнесийн салбараас улс төрд орж гишүүд хувийн бизнестээ давуу байдал үүсгэх вий гэсэн хардалт дагаж явдаг. Та бизнесээ улс төрөөс хо байлгаж чаддаг уу?

Миний хувьд эрх ашгийн эрэмбэ дараалал их тодорхой болсон. УИХ-ын гишүүн хүний хувьд эх орны эрх ашиг хамгийн тэргүүнд тавигдах ёстой гэдгийг би хатуу баримталдаг. Хувийн компани, бизнестээ давуу байдал үүсгэх асуудал хэзээ ч байх ёсгүй гэдэг хатуу байр суурьтай ажилладаг. Өнгөрсөн жил би хувь эзэмшиж байсан MCS группын хувьцааг борлуулаад эхэлсэн. Ингээд хувийн хамаарлаа ойрын хугацаанд дуусгая гэж шийдвэр гаргасан. Мөн миний саналаар архи, спиртийн бизнесийг зарсан.

MCS групп нь хатуу зарчимтай, удирдлагын зөв тогтолцоо, үйл ажиллагаатай учраас хууль бус байдлаар хувь эзэмшигчийн хувьд надад хүсэлт тавьдаг, дарамт шахалт үзүүлдэг зүйл огт байхгүй. Гаргалаа гэхэд би зөвшөөрөхгүй. Үүнийг ч мэддэг. Би энэ амьдралдаа шударга байх ёстой гэсэн том зарчим баримталсаар ирсэн.

Vip76: Өнөөдөр Монгол төрийн бодлогын залгамж чанар, бодлогын хэрэгжилт ямар байна гэж дүгнэх вэ?

Монгол Улсад дутагдаж байгаа зүйл бол энэ. Төрийн залгамж чанар алдагдсан. Аль нэг улс төрийн нам сонгуульд ялаад Засгийн газраа байгуулаад дур дураараа ажилладаг ийм хандлага сүүлийн хэд хэдэн парламентын түүхэнд үлдээд байна.

Хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай төсөл хөтөлбөрийг шууд л өөрчилдөг. 2030 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлого баталсан. Гэтэл энэ нь мөрөөдлийн жагсаалт мэт болчихсон. Үүнийгээ ач холбогдлоор нь эрэмбэлээд үе үеийн Засгийн газрууд хэрэгжүүлээд явдаг байх ёстой юм. Гэтэл ингэж чадахгүй байна. Тиймээс Монгол Улсад маш хатуу төрийн залгамж бодлого, түүний дархлааг л бий болгох шаардлагатай байна.

Монгол төрийн залгамж бодлогод бас нэг чухал асуудал бол төрийн албаны дархлаа юм. Төрийн албаны тухай хууль саяхан батлагдаад хэрэгжээд явж байна. Уг хуулиар төрийн албан хаагчийн ажлын байрны дархлааг бий болгосон маш сайн хууль болсон. Аль нэг сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар төрийн албыг бужигнуулдаг байдлыг байхгүй болгоход маш том ахиц гарсан.

Vip76: Үндсэн хууль буюу Эцэг хуульдаа өөрчлөлт оруулах ажлыг энэ удаагийн парламент гүйцэтгэхээр болж байна. Та энэхүү өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөнгөж сая /2019.06.06/ УИХ-д өргөн барилаа. 64 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Тэдний нэг нь би. Зайлшгүй оруулах ёстой заалтууд бий. Нилээн олон чухал заалт бий. УИХ-аар хэлэлцэх явцад бага зэрэг өөрчлөлт орох байх. Хуулийн төслийн 21.6 дахь заалт нилээн маргаан өрнүүлэхээр байна.

Энэ нь УИХ сонгуулийн тогтолцоо болон хугацааг хуульчилна гэж оруулсан. Сонгууль бүрийн өмнө л тухай парламентад эрх барьж байгаа нам сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, тогтолцоогоо өөрт ашигтай байдлаар хийж авдаг. Энэ нь УИХ-ын төлөөллийн зарчмыг алдагдуулж байгаа юм. Үүнээс бусад заалттай бол би санал нэгдэж байгаа.

Vip76: Монгол Улсын Ерөнхийлөгч эрх мэдлийг хязгаарласан, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлсэн өөрчлөлт орж байгаа харагдсан. Энэ оновчтой юу?

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол хэн нэг хүн, улс төрчид зориулагдсан зүйл биш. Энэ бол тогтолцооныхоо хувьд зайлшгүй байх ёстой гэсэн өөрчлөлт орж ирж байгаа юм. Засаглалын хувиарлалт, эрх мэдлийн асуудал юм. Засгийн газар нь хүчтэй, шийдвэртэй ажилладаг нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа.

Ерөнхийлөгчийн хувьд бусад хуульд эрх мэдлийг нилээн өргөжүүлсэн байдаг. Үүнийг нь үндсэн хуульд заасан хэмжээнд байлгахгүй бол гажуудал үүсдэг нь тодорхой болсон. Тиймээс Монгол Улс бол парламентын засаглалтай улс. Ерөнхийлөгч бол Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд хууль санаачлах, хориг тавих, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэх мэт хүрээнд байх ёстой гэсэн өөрчлөлт орж ирж байгаа. Энэ ч зөв.

“ЭДИЙН ЗАСГАА ӨӨД НЬ ТАТАХЫН ТУЛД УЛС ТӨРЧИД ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЁСТОЙ”

Vip76: Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн төрх бол их хэмжээний зээлтэй. Зээлээ дарах гэж дахин өр тавьдаг. Улс төрийн сонгуулийн жилүүдийн хооронд эдийн засгийн өсөлт бууралт бий болж түүнийгээ аврах гэсэн хэдэн улс төрчдийн популизм дотор бодитой өсөлт айл өрхийн хаалгаар орохгүй байна. Үүний шалтгаан юу вэ?

2012-2016 онд энэ улс оныг айхтар их өрөнд оруулсан. Эдийн засгийг дэндүү доройтуулсан. Энэ бол сэтгэлгүй улс төрчдийн хийсэн ажил. Эдийн засгаа бид өөд нь татахын тулд улс төрчид хариуцлагатай байх ёстой. Мөнгө хүрэлцэхгүй, хангалтгүй байна гэдэг. Гэтэл улс төрчид нь хуйвалдаад улсын төсвийн хөрөнгийг идчихдэг. Харин энэ мөнгийг улсынхаа эдийн засагт хийгээд байвал Монгол Улс өр ширнээс айх зүйл байхгүй. Гэтэл өнөөдөр 20 гаруй тэрбум ам.долларын өрөнд улсаа оруулчихсан. Харин одоо бид бизнес, үйлдвэрлэл зэрэг ажлын байр бий болгох салбарууддаа гай болохгүй дэмжээд өгвөл аяндаа улсын эдийн засаг сэргээд ирнэ.

“УИХ-ЫН ГИШҮҮН СЭТГЭЛ ГАРГААД ЗҮТГЭХ ЮМ БОЛ БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ЕРӨӨСӨӨ БАЙХГҮЙ”

Vip76: Та хувь улс төрчийнхөө хувьд улс төрийн бүлэглэл, хуйвалдаан, фракцлах зэрэгт үзэл бодлоороо хэр нэгдэн, нийлж байна вэ?

МАНАН гэдэг зүйл бодитой байна. Бүр их ужгирсан. Буруу зүйл хийхийн тулд намд байгаа, бизнесийг дамжсан тодорхой хэмжээний бүлэглэл бий болчихсон байгаа. Би аль нэг фракц, бүлэглэлд орохгүй гэдэг хатуу байр суурьтай. Үндсэн чиг шугам, зарчимаа бариад явна. Зөв зүйлийг хийхийн тулд бусад гишүүдтэйгээ нэгдэн нийлнэ. Айхтар бүлэг фракц гэхгүй юмаа гэхэд боловсруулсан хуулийн төслөө танилцуулж, дэмжлэг авах зүйл бол байж болно.

УИХ-ын гишүүн сэтгэл гаргаад зүтгэх юм бол боломжгүй зүйл гэж ерөөсөө байхгүй. Зөв юманд зөв сэтгэлээр зүтгэх нь чухал. Харин буруу гар, буруу сэтгэлээр хийж, улсын төсвийн хөрөнгийг идэж уудаг асуудалд маш хатуу эсрэг байр суурьтай байдаг. Энэ МАНАН-г бушуухан сарниулах шаардлага бий.

Энэ бол эрх мэдлээ ашиглан идэж уух гэж санаархагчдын бүлэглэл байгаа юм. МАНАН бүрхээд хэн нь үнэн, худал болохыг харж чадахгүй байна. Харин одооноос ил гарч эхэлсэн. 2020 оны УИХ-ын ээлжит сонгууль ч иргэд үнэн худлыг ялгадаг болсон учраас зөв сонголт хийх болно гэж итгэж байгаа.

Vip76: УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийн иргэдтэйгээ байнга уулзаж, амьдрал ахуйтай нь танилцаад явах боломж тааруу байдаг. Таны хувьд тойрогтоо “Хамтдаа” аяны хүрээнд тойргийнхоо бүх сумдад ажилласан. Хууль батлах, тойргийн иргэдээ анхаарах ажлыг хавсран хийх бололцоо гишүүдэд хомс байдаг уу?

Төрийн түшээ хүн ард иргэдтэйгээ л уулзах ёстой. Чамд итгэл өгч, өөрийнхөө өмнөөс төлөөлөл болгон төрийн эрх барих дээд байгууллагад сонгон, томилсны хувьд гишүүн хүн тойргийн иргэн нэг бүртэй нүүр тулан уулзаж, гараас нь барьж, бодол санаа, амьдрал ахуйг нь сонсох хэрэгтэй. Удахгүй сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ. Энэ төсөлд Монгол Улс бүхэлдээ нэг том тойрог байхаар томъёолол явж байна. Цөөн хэдэн улс төрчид дархлаагаа бий болгож авах гэж ийм зүйл оруулсан.

Би өмнө нь хэлсэн. Бүх зүйл Монголын хөрсөнд хэрэгжих боломжтой байж гэмээнэ амжилттай явна. Ингэж чадаагүй зүйл гажуудал л үүсгэнэ.

76 тойргоос сонгогддог одоогийн жижиг мажоритар тогтолцоо манай улсын газар нутаг, хүн амын тоо зэрэгт яг тохирсон тогтолцоо юм. Учир нь, Ард иргэд Үндсэн хуульд заагдсан шууд сонгох эрхээ хэрэгжүүлнэ. Монгол Улс бүрэн бүтэн байна. Тэгэхгүй улс нэг том тойрог гэвэл хөдөө орон нутагт очиж, тэнд хөгжил бий болгох хүн улс төрд гарахгүй, хөдөөд очиж ажиллаж, хөдөөгийн ард иргэдтэйгээ уулздаг хүн байхгүй болно. Ингээд хөдөөгийн хөгжил гэж үгүй болоод Монгол Улс, хязгаар нутаг эзэнгүйдэх аюултай юм.

Vip76: 2019 оны төсвийн тухай хууль батлагдах үед бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг илүү анхаарч тусгасан. Таны сонгогдсон тойрогт энэ онд нийт хичнээн төгрөгийн бүтээн байгуулалт өрнөж байна вэ?

2019 оны төсвийн тухай хуулиар 21 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, 2 гүүрний ажил бий. Энэ бол яах аргагүй хийгдэх ажил, хөрөнгө оруулалт байсан. Эдгээр ажлууд хугацааныхаа дарааллаар хийгдээд явж байна. Хөрөнгө оруулалт улсын төсвөөр шийдэгдсэн ч гүйцэтгэл буюу тендерийн асуудал маргаан дагуулдаг. Ингээд хөрөнгө оруулалт царцах тохиолдол гардаг байсан.

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр миний бие санаачлан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг батлуулсан. Ингэснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын тендер дагасан шүүхийн шатны маргааны үйл явцыг богино болгосон. Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор эх оронч худалдан авалт хийх зохицуулалтыг хуульд тусгасан. Засгийн газар бол хамгийн том худалдан авагч. Энэ худалдан авагч үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ авч хэрэглээд эхэлбэл жижиг дунд үйлдвэрлэгчид, дотоодын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэх боломжтой болж байгаа юм.

Vip76: Ярилцсанд баярлалаа.