Л.Оюун-Эрдэнэ: Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг удааширвал татах нь зүйтэй
2019.09.06

Л.Оюун-Эрдэнэ: Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг удааширвал татах нь зүйтэй

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэж байгаа энэ үед өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, 15 жилийн дараа гэхэд Засгийн газар нь 1.5 жилийн настай, Засгийн газар огцроход бүх хүн унадаг тогтолцоо цэгцлэгдээсэй л гэж хүсэж байна. Би ч ийм итгэл үнэмшлээр хандсан.

Гүйцэтгэх засаглал нь илүү хүчтэй, парламентын засаглалтай бусад улс орнууд шиг байгаасай гэж хүссэн. Манай улс одоо бол парламентын засаглалтай улс биш. Харин хагас ерөнхийлөгч, хагас парламентын тогтолцоотой. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд нь хамгийн хүчгүй, УИХ болон Ерөнхийлөгч нь туйлын хүчтэй улс юм. Үүнийг нуугаад байх хэрэггүй. Хэрэв Ерөнхийлөгчийг парламент сонгодог байсан бол Үндсэн хуулийн өөрчлөлт хийх шаардлагагүй байсан. Ерөөсөө л завсрын үед яваад байгаа учир иймд нөхцөл байдалд хүрээд байна.

Аргаа барахдаа УИХ-ын гишүүдийн тоог нэмье, тэгвэл ядаж УИХ дэх хүчний харьцаа тэнцэх болов уу гэсэн хүлээлт ч бий. Эдгээрийн аль нь ч төгс шийдэл биш юм. Гишүүддээ хандаж уриалахад, 62 гишүүн нэгдээд төсөлд гарын үсэг зурж, төсөл дэмжигдсэн. Тэгвэл гарын үсэг зурахаасаа өмнө хуулийн төслөө эргэж харахгүй яасан юм бэ. Тухайн гишүүн өөрөө хууль санаачлагч болчихоод дараа нь эвэртэй туулай үзсэн юм шиг хандах нь зохимжгүй.

Тэгээд ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг заавал хийх ёстой биш шүү дээ. Хэрэв хийвэл сэгэлж болохгүй. Хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт багтааж хийгээсэй гэж хүсэж байна. Хэрэв цааш үргэлжлэх төлөвтэй байвал буцааж татах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа" гэв