Л.Оюун-Эрдэнэ: Монгол улсыг нэг том тойрог болгох хувилбарыг дэмжиж байгаа
2019.06.05

Л.Оюун-Эрдэнэ: Монгол улсыг нэг том тойрог болгох хувилбарыг дэмжиж байгаа

Монгол улсыг бүхэлд нь нэг том тойрог болгох сонгуулийн системийг Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгээс МАН-ын бүлэгт танилцуулсан. Сонгуулийн хуулийн төслийн талаар ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

-Сонгуулийн хуулийг томсгосон тойргоор явуулах шийдэлд яагаад хүрсэн бэ?

-Улс орон яавал хөгжих вэ гэдэг чухал. Хувь гишүүдийн тоглолт байхгүй болно. Жижиг тойрог дээр мөнгөөр сонгогддог, хуралдаандаа ирдэггүй гишүүд сонгогдох боломжгүй болно. Сонгуулийг томсгосон тойргоор явуулснаар улсын хэмжээний томоохон хөтөлбөр хэрэгжинэ. Өнгөрсөн хугацаанд гацаж байсан томоохон бодлого хэрэгжиж, бодлогын гажуудал засагдана. Хувь гишүүний хувьд энэ бодлогыг дэмжиж байгаа.

-Хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж амжих уу?

-Засгийн газар УИХ-д өргөн барина. Хаврын чуулганаар амжиж эхний хэлэлцүүлэг явчихад болно.

-Томсгосон тойргийн сул тал юу вэ?

-Ямар ч сайн тогтолцоо хийсэн хүмүүс буруу ашиглавал буруу болно. Энэ тогтолцоогоор орон нутаг орхигдох, ард түмнээсээ салах нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Илүү бүсчилсэн бодлогоо хэрэгжүүлээд иргэдтэй нүүр тулж уулзахгүй байх магадлалтай. танигдаагүй хүмүүс гарч ирэх магадлал өндөр.