О.Баасанхүү: Нөхөн сонгууль явагдах боломжгүй болгочихлоо
Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн, нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. Улмаар Хэнтийн нөхөн сонгуулийг Үндсэн хууль ЗӨРЧИЖ ТОВЛОСОН гэж үзэж үзэж, Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн шийдвэрийг гаргасан юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, “Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчөөгүй асуудлаар өргөдөл хүлээж авах ёсгүй. Зөвхөн зөрчсөн асуудлаар хуралдах ёстой. Гэтэл н.Гантулга гэх хүний өргөдлөөр анхнаасаа дунд суудлын хуралдаан зарласан нь улс төрийн зорилготой харагдаж байгаа. УИХ-ын гишүүний сайн дураараа чөлөөлөгдөх эрх Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулинд бий.
Мөн 180 хоногийн дотор бүртгүүлсэн нам сонгуульд орж болохгүй гэдэг асуудал хуулийн алдаатай холбоотой. Анх хууль батлагдахаасаа алдаатай байсан. Тухайн үед МАХН, АН хоёр ярьж байгаад баталсан шүү дээ. МАХН бүлэгтэй байсан. Тэр үед хэрвээ бүлэг завсарлага авсан бол хуучин хуулиар явах байлаа. Миний бие намын дарга байсан Н.Энхбаяр руу утасдаж энэ хуулиар “Завсарлага аваач” гэдэг шаардлага тавьж байсан. Завсарлага авсан бол энэ хууль батлагдахгүй байсан. Гэтэл гуравдагч хүчнийг байхгүй болгохын тулд сонин заалтуудыг оруулсан нь үндсэн хууль зөрчсөн. Яагаад гэвэл “нам бүртгүүлж байна гэдэг чинь” улс төрийн сонгуульд орох гэж байна” гэсэн үг. Тэр нь нэг хоногийн өмнө бүртгүүлэх үү, 180 хоногийн өмнө бүртгүүлэх үү гэдэг нь хамаагүй.
Харамсалтай нь УИХ-ын гишүүн байх эрхээсээ татгалзсан Д.Гантулгын шийдвэртэй нь хамт хэлэлцсэнийг улс төрийн захиалгатай гэж хардаж байна.
-Тэгэхээр нөхөн сонгууль явагдах боломжгүй болсон гэж ойлгож болох уу?
-Нөхөн сонгууль болох ямар ч боломжгүй болсон. Учир нь сонгуулийн тухай хуулиар намар юм уу, хавар сонгууль явуулах заалттай. Тэгэхээр одоо их хурал хүлээж авах уу, үгүй юу гэдэг нь чухал биш болчихлоо. УИХ хүлээж авахаас татгалзвал Үндсэн хуулийн цэцийн Их суудал хуралдана. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авбал хууль өөрчлөх шаардлагатай болно. Хууль өөрчилнө гэж үзвэл хууль буцаан хэрэглэгдэхгүй гэдэг зарчмаар явна.