2019.02.02

С.Эрдэнэ: Хэнтий аймгийн иргэд төр төлөөлөлгүй байсны хариуцлагыг хэн хүлээх вэ?

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Улмаар Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Иймээс Сонгуулийн төв байгуулагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлах тухай асуудлыг ийн хэлэлцэж байгаа юм. 

Энэ тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

“Хэнтий аймгийн энэ тойрогт байгаа сонгогчид төлөөлөлгүй их олон сар боллоо. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?

Тодорхой хууль, шийдвэр гаргахдаа судлаж боловсруулдаггүй юм уу? Яахаараа сонгуулийн хууль чинь Үндсэн хуулийн заалт зөрчөөд байдаг юм бэ?

Монгол Улсын иргэд нэг ч өдөр төлөөлөлгүй байх ёсгүй. Төрийн ажил тасралтгүй байх зарчимтай. Олон сар жил иргэдийн төлөөлөлгүй байсныг хэн хариуцах вэ?

Нөхөн сонгуулийн тойрогт сонгууль явагдах бэлтгэлийг хэр хангасан бэ? Энэ сонгуультай холбоотой улс төрийн намууд идэвхжисэн СЕХ сонгуулийг будлиангүй яьуулах бэлтгэл хангаж чадсан уу? төсөв хөрөнгө хүрэлцэж байгаа юу?

Энэ сонгууль маш хариуцлагатай сонгууль шүү. Эрх баригчдад давуу байдал үүсгэсэн үйлдэл битгий явагдаасай гэж хүсэж байна.”

Түүний асуултанд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хариууллаа.